МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр Баян-Өлгий аймгийн сэтгүүлчидтэй уулзав

  Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч А.Батбаяр нар өчигдөр Баян-Өлгий аймагт ажиллаж, орон нутгийн сэтгүүлчидтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр ерөнхийлөгч Х.Мандахбаяр сонгогдсоноосоо хойш хийж хэрэгжүүлсэн, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцууллаа. Тэрээр хэлсэн үгэндээ, хот хөдөөгийн сэтгүүлчдийн ялгааг арилгах, 1000 сэтгүүлчийн орон сууц барих, сэтгүүлчдийн шинэчилсэн бүртгэл явуулж мэргэжил, чадварыг нь дээшлүүлэх, МСНЭ-ийн салбаруудыг байр савтай болгох, санхүүгийн чадавхыг сайжруулах чиглэлээр томоохон ажлууд зохион байгуулахаа илэрхийлж, орон нутгийн сэтгүүлчдийг дэмжиж хамтарч ажиллахыг хүслээ. Мөн сэтгүүлч Н.Самат, Ө.Нурболат, Р.Асылбек нар сэтгүүл зүйн хараат бус байдлыг хангах, сэтгүүлчдийн мэргэжлийн нэр хүнд, ёс зүй, хариуцлагыг сайжруулах тухай өөрсдийн саналаа хэллээ.

Х.Мандахбаяр уулзалтын төгсгөлд сэтгүүл зүйн салбарт он удаан жил үр бүтээлтэй ажилласан Орон нутгийн олон нийтийн радио телевизийн сурвалжлагч Н.Сабетийг "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан" цол тэмдгээр, идэвхтэн бичигч Х.Мейрашыг "Ган үзэгтэн" шагналаар тус тус шагнаж, МСНЭ-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарт иж бүрэн компьютер, принтер, ширээ, сандал бэлэглэлээ. 
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ