Сэтгүүлчдийг мэргэшүүлж, ур чадварыг нь дээшлүүлэхэд онцгой анхаарна

   Мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх, чадавхжуулах, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх “Мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөр”- ийн нээлтийн арга хэмжээг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс 5 дугаар сарын 1-ний өдөр МУИС-ийн номын сангийн Их танхимд зохион байгууллаа. Хөтөлбөрийг МСНЭ- ээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн нээлтийн үеэр Mongo­lia Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ- ын Дэд тэргүүн Н.Ариунтуяа “Уул уурхай эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчдийг мэргэшүүлж буй туршлагаас” сэдвээр, МСНЭ-ийн Анагаахын сэтгүүлчдийн салбар зөвлөлийн дарга, анагаах ухааны доктор, профессор Д.Пүрэвдорж “Монголын анагаах ухааны сэтгүүлзүйн уламжлал, шинэчлэл” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

   Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөрийн нээлтэд оролцож, үг хэлсэн юм. Тэрбээр “Аливаа мэргэжилтэн номын дуу сонсож, мэдлэгээ байнга өнгөлснөөр ажлын бүтээмж нь нэмэгддэг. Сэтгүүл зүйн салбар шинэ орчин руу шилжиж байна. Хэвлэл мэдээллийнхний хувьд сошиал ертөнц хэмээх том өрсөлдөгч бий болсон. Цахим ертөнц хэвлэл мэдээллийнхний монополийг халсан гэж хэлж болно. Тиймээс сэтгүүлчид цахим ертөнцийн мэдээллээс өөр, илүү хариуцлагатай, дүн шинжилгээтэй, гаргалгаатай мэдээг олон нийтэд хүргэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэхээр болж байгаа юм. Өөрөөр хэлбэл сенсаци, энэ үй түмэн мэдээллээс сувдыг нь түүж нийгэмд хүргэснээр мэргэжлийн гэсэн ялгарлыг бий болгоно. Манай улс бол эрх чөлөөтэй орон. Энэ эрх чөлөөг хэн нэгэн хумслах ёсгүй. Эрх чөлөөний манаанд зогсож буй сэтгүүлчид маань хариуцлагатай байх ёстой. Хариуцлагатай байхын тулд илүү мэргэших нь зүйтэй” гэлээ. Мөн МСНЭ-ийн ерөнхийлөгч асан, соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Б.Галаарид “Олон нийтэд үнэн бодитой, мэргэжлийн үүднээс бэлтгэсэн мэдээ, мэдээллийг түгээхийн тулд сэтгүүлчдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх нь юу юунаас илүү чухал. МСНЭ энэ ажлыг үндэсний хэмжээнд эхлүүлж буй нь сайн хэрэг. Өмнөх баг хамт олон энэ асуудлыг хөндөж ирсэн. Өнөөдөр энэ ажил биелэлээ олж буйд баяртай байна” гэлээ.

     Тус төслөөр Анагаах, Байгаль орчин, Экологи, Уул уурхай, Эдийн засаг, Гадаад харилцаа, Эрх зүй, Эрэн сурвалжлах, Хөдөө аж ахуй гэсэн 8 төрлөөр мэргэшсэн сэтгүүлчийг бэлтгэх юм. Дээрх төрлүүдээр сертификат олгох тэтгэлэгт сургалтыг сэтгүүлчдийн дунд зарлаад байна. Төслийг хэрэгжүүлэх, төрөлжсөн сэтгүүлч салбар бүр дээр бэлтгэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Монгол банк зэрэг төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ