Төсөл бичиж санхүүжилт босгоцгооё

    Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс 5 томоохон арга хэмжээ зохион байгуулсны нэг нь “Төсөл хөтөлбөр, маркетинг, бизнес төлөвлөгөө боловсруулах арга зүй” сэдэвт сургалт байлаа. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуулийн бодлогын зөвлөх, Баянгол дүүргийн ИТХ- ын төлөөлөгч Д.Оросоо “Орон нутгийн төсөвт төсөл хөтөлбөр тусган хэрэгжүүлэх нь” сэдвээр, МСНЭ-ийн Гадаад харилцаа, төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Элбэрэл Олон улсын байгууллагад төсөл бичих ахисан түвшний сургалт, МҮМХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Мөнхбаяр Маркетингийн төлөвлөгөө боловсруулах ахисан түвшний сургалтыг тус тус зохион байгуулсан юм. Сургалтын зорилго нь сэтгүүлчдийн санхүүгийн хараат бус байдлыг нэмэгдүүлэхийн тулд Олон улсын байгууллагад төсөл, хөтөлбөр бичих, редакцийн маркетинг, бизнесийн төлөвлөгөө боловсруулахад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг сургахад чиглэгдсэн. Тус сургалтад Улаанбаатар хот болон 21 аймгаас ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, уран бүтээлчид хамрагдлаа.

    Илтгэгч Д.Оросоо Төсвийн тухай хууль болон Орон нутгийн төсөв, түүний зориулалт, хэрхэн бүрдэх талаар танилцуулга хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэл мэдээллийн салбарынхан төсвийн тухай ойлголттой болсноор улсын болон орон нутгийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, хөтөлбөрт хамрагдах, өөрсдөө хэрэгжүүлэх, санхүүгийн дэмжлэг авах талаасаа онцгой ач холбогдолтой юм. Сэтгүүлчид төсөл, хөтөлбөрөөр дамжуулан санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх талаасаа үр дүнтэй гэдгийг илтгэгч онцоллоо. МСНЭ-ийн Гадаад харилцаа, төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Элбэрэл илтгэлдээ, төслийн баримт бичгийн бүрдүүлэлт, төслийн загвар, аргачлал, зорилт, үйл ажиллагааг хэрхэн тусгах талаар дурдаж, сэтгүүлчдэд төсөл бичих ерөнхий ойлголтыг өгсөн юм.

    Тухайлбал, Олон улсын байгууллагад төсөл бичихэд нийтлэг таван зарчмыг баримтлах ёстой. Зорилго тодорхой, бодитой байх, төсөв бодитой, цаг хугацаа, аргачлал, үр дүнг тодорхой, оновчтой байдлаар илэрхийлсэн байх шаардлагатай гэсэн юм. Сургалтад хамрагдсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчид сурсан зүйлээ эргээд амьдралд хэрэгжүүлэх боломжийг Олон улсын зарим байгууллага олгож буй юм. Тухайлбал, Канадын сангаас 2018 оны 7 сарын 20-ноос 2020 оны 2 сарын 1 хүртэл 50.000 канад долларын санхүүжилттэй төсөл хэрэгжүүлэхээр зарласан байна. Тус төслийн шалгаруулалтад сургалтанд хамрагдсан сэтгүүлчдээс өөрсдийн бичсэн төслөө илгээгээд байгаа билээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ