ОХУ-ын Саха улсын Сэтгүүлчдийн Холбооны дарга МСНЭ-д зочлов

  ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улсын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид манай улсад айлчиллаа. Бүгд Найрамдах Саха Улсын Сэтгүүлчдийн Холбооны дарга, сэтгүүлч, төлөөлөгч нар Монгол Улсын Их Сургуулийн номын сан, музейг үзэж, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, “Zindaa. mn” сайт, “Өдрийн сонин”-ы үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил нэгтнүүдтэйгээ халуун дотно яриа өрнүүлсэн юм. Мөн ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улсын Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Бочкарева Галина Алексеевна тэргүүтэй төлөөлөгчид Их засаг Олон улсын их сургуульд зочлов.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Гүйцэтгэх захирал Э.Болортулга болон МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улсын сэтгүүлчдийг хүлээн авч, уулзалт, ярилцлага хийлээ.

      ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улсын Сэтгүүлчдийн Холбооны тэргүүн Галина Бочкарева хэлэхдээ “Би Якутын Сэтгүүлчдийн холбооны тэргүүнээр 10 жил ажиллаж байна. Манай сэтгүүлчид жил бүр гадаадын улс орнуудаар танилцах аялал хийдэг. Үүнээс өмнө БНХАУ, Япон улсад очсон. Гурав дахь нь Монгол Улс боллоо. Бид зөвхөн аялаад явахгүй тухайн орны хүн ардын онцлог, соёл, зан заншилтай танилцаж, мөн мэргэжил нэгтнүүдтэйгээ уулзаж, туршлага судалж, санал солилцдог юм. Манай улсын хүн ам 900 мянга гаруй боловч сонин, сайт, радио, телевиз гээд 200 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага ажилладаг. Ахмад настнууд, эмэгтэйчүүд, хүүхэд, залуучуудад зориулсан сонин сэтгүүл, телевиз, радиогийн нэвтрүүлгүүд хийдэг. Аяллын багийн бүрэлдэхүүнд улсын хэмжээний гурван сонины редактор, сайт, радио, сонин, телевизийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд багтсан. Хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагаа цаашид үргэлжилнэ гэдэгт итгэж байна” гэлээ.

       МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал Э.Болортулга “Монгол Улсад Сэтгүүл зүйн байгууллага үүссэний 105 жилийн ой, Монголын сэтгүүлчдийн байгууллага байгууллагдсаны 67 жилийн ой тохиож байна. МСНЭ нь шинэ бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр олон хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлд ихээхэн анхаарч байгаа. Бүгд Найрамдах Саха Улсын Сэтгүүлчдийн Холбоотой хамтран ажиллахдаа таатай байх болно” гэлээ. МСНЭ, Бүгд Найрамдах Саха Улсын Сэтгүүлчдийн Холбоо хамтран ажиллах чиглэлээр санал солилцсон бөгөөд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаярыг өөрийн оронд зочлохыг Бүгд Найрамдах Саха Улсын Сэтгүүлчдийн Холбооны дарга Галина Бочкарева уриад байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ