Монголын өдөр тутмын сонинууд II форумоо зохион байгуулав

   Монголын өдөр тутмын сонинуудын холбоо II форумоо өчигдөр зохион байгууллаа. Энэ удаагийн форумыг Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын сэтгүүлчдийн байгууллагыг удирдаж, “Үнэн” сонины ерөнхий эрхлэгчээр хамгийн олон жил ажилласан, төр, нийгмийн зүтгэлтэн Цэндийн Намсрай агсны нэрэмжит болгон зохион байгуулав. Монголын өдөр тутмын сонинуудын холбооноос хоёр дахь форумаараа олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байгаа нийгмийн хамгийн хөндүүр арван сэдвийг тодорхойлж илтгэл хэлэлцүүллээ.

Форумыг нээж Өдөр тутмын сонинуудын холбооны ерөнхийлөгч Э.Долгион: “Сэтгэлгээний дархлааг бэхжүүлэх сонинууд ямар чухал үүрэгтэйг хөндөж байр сууриа илэрхийлж байсан. Үүнтэй адилаар Монголд, монголчуудад ямар сэдэв хамгийн чухал байгааг редакци болгоноос асуусан. Монголчуудад хэрэгтэй, шаардлагатай сэдвүүд хаана нэгтээ дарагдаад байна. Ард түмнийг ямар нэг болзолгүйгээр сонсдог, өдөр тутам ажил, амьдралын тэргүүн шугаманд явдаг, олон нийтийн хүсэл зорилгыг мэдэрдэг сэтгүүлч, сурвалжлагчид нийгэмд илүү өргөн хүрээгээр хөндөх ёстой арван сэдвийг тодорхойллоо. Өнөөдөргүй маргааш байдаггүй. Монголын маргааш болсон хүүхдээ зөнд нь орхиж болохгүйг хөндөх болно. Өнөөдрийн цаг хугацааны огтлолцол дээр хамгийн түрүүнд шийдвэрлэх ёстой арван асуудлыг бид хөндөж байгаа юм. Одоо л санахгүй, шийдвэрлэхгүй бол хэтэрхий оройтсон байх вий. Хэрэггүй чимээ шуугианыг тасалж чухал сэдвүүддээ дуу оруулцгаая” гэлээ.

 

“Хүүхэд хамгаалал”, “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал”, “Монголчуудын эрүүл мэнд”, “Эдийн засгийн хөгжил: Ядуурал, ажилгүйдэл”, “Дотоодын аж үйлдвэрлэл”, “Монгол иргэдийн хүнсний аюулгүй байдал”, “Сургууль, цэцэрлэг болон орон сууцны хүртээмж”, “Нийгэмд нүүрлэсэн хар тамхины эрсдэл”, “Боловсролын тогтолцооны гажуудал, тулгамдсан асуудал” гэсэн сэдвээр үйл явдлын мөрөөр орж, үнэн мөн, ончтой шийдлийг олон нийтэд хүргэхээр нийтлэл, сурвалжилга бэлтгэдэг сэтгүүлчид өөрсдөө илтгэл хэлэлцүүлсэн нь онцлог байлаа.

   Монголын үнэн сонины Ерөнхий эрхлэгч Б.Ганболд: “Сэтгүүлзүйн салбар дотор сонин бол хамгийн анхдагч төдийгүй боловсон хүчнүүдийг бэлтгэдэг уурхай нь байдаг. Тэр тусмаа өдөр тутмын сонинд ажилласан сэтгүүлчид өөрсдийн школтой, итгэж болохуйц. Энэ утгаараа өдөр тутмын сонин бол сэтгүүлзүйн хамгийн гол салбар нь юм. Албан ёсны хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийг мэргэжлийн сэтгүүлчид гэж хэлнэ. Өдөр тутмын сониноос шар сонин, бусад мэдээллийн хэрэгслүүд эх үүсвэрээ авдаг учраас бахархахаас гадна хариуцлагатай байх ёстой. Хүн гүтгэж, хэтэвчтэй мөнгийг нь тоолж, хөнжлийг нь сөхөж болохгүй. Энэ бол гол зарчим. Хэвлэл мэдээлэл зөв мэдээлэхээс гадна үйл явдлын араас сурвалжилж байх ёстой”  гэв.

“Хүүхэд хамгаалал” сэдвээр Өнөөдөр сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Б.Номинтүшиг “Хүүхдийн эрхийг хамгаалахад хамгийн ойр ажилладаг хороо, сумын хамтарсан багт нэг ч төгрөгийн төсөв байдаггүйгээс гар мухар суудгийг тодотгосон. Өнчирч хоцорсон, харж хандах хамаатан садангүй хүүхдийг асрамжийн төвд хүргэж өгөх ч шатахууны зардал байдаггүй гэхээр манай улс ирээдүй хойч болсон үрсээ хамгаалж, өмгөөлөх бодлогоор дутмаг байгааг харуулж буй хэрэг юм” гэлээ.

   Өдөр тутмын сонинуудын холбооны Ц.Намсрайн нэрэмжит хоёрдугаар форумын хэлэлцүүлэгт нийтлэлч Баабар, СУИС-ийн захирал Э.Сонинтогос, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, Itoim сайтын эрхлэгч Г.Отгонбаяр нар оролцов. Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан “Сурах бичигт хурга, ишиг гэх мэт монголын ахуй соёлыг харуулсан жишээ зураг тавихаа больсон. Муурын зулзагын зургийг 20 гаруй оруулсан байна. Энэ бол гажуудал, хүүхдийн сэтгэлгээнд өөрчлөлт хийх гэсэн оролдлого” гэж шүүмжилсэн. Тэгвэл Э.Сонинтогос сэтгүүлчдийг сургалтын төлбөр гэх мэт сэдвээс хальж, боловсролын тогтолцооны агуулга руу орж нийтлэл, сурвалжилга бэлтгэхийг захив. Форумын хэлэлцүүлэгт оролцогчид сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны талаар тус тусын байр сууриа илэрхийлж, шүүмжлэлтэй хандсан ч хөгжлийн жамаар явж байгаад засарна гэж хараад суухын оронд хөндөн бичиж, олон нийтэд зөв ойлголт төлөвшүүлэх нь зөв гэдэгтэй санал нэгдэж байлаа.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ