“Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн IX форум” амжилттай зохион байгуулагдлаа

   “Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн IX форум” 9 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулагдлаа. Форумын ерөнхий зохион байгуулагчаар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, хамтран зохион байгуулагчаар Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар,  БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам ажиллав. Энэхүү форум нь 2010 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн бөгөөд Монгол, Хятад хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ололт амжилтаа тодотгох, үр дүнг нэмэгдүүлэх, харилцан туршлага судлах, эх орноо сурталчлахад онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар 2015 онд Улаанбаатарт гарын үсэг зурсан тунхаглалд хоёр улсын хэвлэл мэдээллийн харилцан солилцоог улам идэвхжүүлэх, зөвлөлдөх уулзалт, форум зэрэг хамтын ажиллагааг тогтмол зохион байгуулна гэж заасны дагуу Монгол Хятадын хэвлэл мэдээллийн форумыг хоёр тал ээлжлэн зохион байгуулсаар ирсэн юм. Тэгвэл МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр энэ оны гуравдугаар сарын 17-ны өдөр, тус аймгийн Засаг дарга Н.Наранбаатартай санамж бичиг үзэглэснээр ийнхүү форумыг Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгууллаа.

Форумд Монголын талаас МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Даланзадгад хотын захирагч Т.Алтансүх, Eрөнхийлөгчийн Тамгын Газрын Хэвлэл Мэдээллийн Албаны дарга Ж.Цэсэн, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Н.Нинжжамц тэргүүтэй төлөөлөгчид, БНХАУ-ын талаас ХКН-ын БНХАУ-ын төрийн зөвлөлийн ХМА-ны гадаадад түгээн дэлгэрүүлэх товчооны дэд дарга Лин Ли, Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Нарийн бичгийн газрын дарга нарын Нарийн бичгийн дарга Ван Дүнмэй, БНХАУ-ын ӨМӨЗО-ны намын хорооны суртал ухуулгын хэлтсийн байнгын дэд дарга Жөү Чүньже тэргүүтэй хоёр улсын төрийн өндөр албан тушаалтнууд, хэвлэл мэдээллийн салбарын удирдлагууд, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, уран бүтээлчид, зочдоос бүрдсэн 170 гаруй төлөөлөгч оролцсон юм.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Өнгөрсөн 10 жилийн Монгол Хятадын хэвлэл мэдээллийн салбар дахь ололт амжилт болон ирэх 10 жилийн зорилт” сэдвээр, Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны дарга Ван Дүнмэй “Бүс ба зам” санаачлага болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагаа” сэдвээр, Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар  “Бүс ба Зам” санаачлагын хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлж буй ажлууд, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор” сэдвээр, ӨМӨЗО-ы Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн дарга Жөү Чүньжи “ӨМӨЗО болон Монгол Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн харилцаа хамтын ажиллагаа” сэдвээр, МСНЭ-ийн Бага хурлын гишүүн, доктор Б.Галаарид “Орчин үеийн Монголын сэтгүүл зүйн хөгжил, хэвлэл мэдээллийн салбарын ололт амжилт” сэдвээр тус тус илтгэл тавилаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ж.Зэсэн уншиж танилцууллаа.

      Х.МАНДАХБАЯР: СЭТГҮҮЛЧДИЙН ОРДОНД ОЛОН УЛСЫН СЭТГҮҮЛЧДИЙН ТӨВ БАЙГУУЛНА

    МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр илтгэлдээ дурдаснаар “Монгол, Хятадын Хэвлэл мэдээллийн форум зөвхөн салбарын бус хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны түүхт 70 жилийн түүхэнд маш том боломж авч ирж байгаа чухал арга хэмжээ юм. Ес дэх удаагийн форум Өмнөговь аймагт болж байна. Хятадад дөрвөн удаа, Монголд дөрвөн удаа зохион байгуулагдсан энэхүү форум жилээс жилд хоёр орны удирдлага, тэргүүнүүдийн анхаарч, ач холбогдол өгдөг, дэмждэг хэлбэрт орсон. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд бий болгосон нөхөрлөл, харилцаа хамтын ажиллагаанд үндэслэн дараагийн хөгжлийн асуудлыг ярих цаг ирснээрээ энэ удаагийн форум онцлогтой. Мөн форумд ач холбогдол өгч биечлэн ирж оролцож байгаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт Монголын нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхны өмнөөс маш их талархаж буйгаа илэрхийлмээр байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ж.Цэсэн форумд ач холбогдол өгч ирж оролцсонд талархаж байна. Ерөнхий сайдын форумын оролцогчдод мэндчилгээ ирүүлсэн. БНХАУ-ын Төрийн зөвлөл, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбооны зүгээс маш том ач холбогдол өгч, форум үр өгөөжтэй байхад анхаарч байна” гэлээ.

Тэрбээр илтгэлийнхээ үеэр хоёр том санаачилга дэвшүүллээ. Тодруулбал:

  • 2020 онд Монгол, Хятад, Оросын хэвлэл мэдээллийн хамтарсан анхдугаар форум зохион байгуулах,
  • Улаанбаатар хотноо байгуулах Сэтгүүлчдийн ордонд Олон улсын сэтгүүлчдийн төв байгуулах санаачилга гаргасан юм.  

Мөн сэтгүүлч солилцооны хөтөлбөрийг илүү өргөжүүлж, жил бүр Монголын 10 сэтгүүлчийг БНХАУ-ын томоохон их, дээд сургуульд Сэтгүүлзүйн чиглэлээр суралцуулж, мэргэшүүлэх болсон талаар Х.Мандахбаяр ерөнхийлөгч онцоллоо.

ВАН ДҮЙ МЭЙ: ТОРГОНЫ ЗАМЫН ҮЗЭЛ САНААГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙНА 

 (Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Нарийн бичгийн газрын дарга нарын Нарийн бичгийн дарга)  

Хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаа нь улс орнуудын ард иргэдийн харилцан ойлголцол, харилцан хүлээн зөвшөөрөхөд чухал үүрэг гүйцэтгэж байна.

 “Бүс ба зам” сэтгүүлчдийн форум өндөр түвшний яриа хэлэлцээрийн тавцан болох, хамтарсан нэвтрүүлэг сурвалжилга бэлтгэх, иргэд хоорондын итгэлцлийг бий болгох зэргээр харилцаагаа өргөтгөхөд Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбоо анхаарч торгоны замын үзэл санааг түгээн дэлгэрүүлэхийн төлөө  ажиллаж байна.

Д.ЦОГТБААТАР:  “БҮС БА ЗАМ" БИДНИЙ АЛДАГДСАН БОЛОМЖИЙГ ЭРГҮҮЛЖ ОЛГОЖ БАЙНА 

 (Гадаад харилцааны сайд) 

Олон зууны тэртээ худалдаа, арилжаа манайхаар дайрдаг байх үед манай улс хамгийн их мөнгө олдог орон байжээ. Гэтэл далайн зам нээгдэх үед бид эдийн засгийн давуу боломжоо алдчихсан. Харин “Бүс ба зам” бидний алдагдсан боломжийг эргүүлж олгож байна. Мөн эдийн  засгийн хөгжилд ач холбогдол өгч байгаа нь энх тайвныг буй болгох, хамтдаа ашгаа олоод, хамтдаа хөгжиж, хамтдаа тайван амгалан амьдрах ухаан юм. Энэ хөгжлийг дагаад маш олон эдийн засгийн төслүүд, гэрээ хэлэлцээр явагдаж байна. Энэ бүхэн нийлээд “Бүс ба зам” гэдэг том ойлголт болж буй. Өдөр болгон шинэ боломжууд гарч ирж байна. Энэ бүхнийг манай сэтгүүлчид судалж үзээд хоёр орны бизнес эрхлэгчдэд үнэн зөв байдлаар цаг тухайд нь хүргэж байх нь хамгийн чухал юм.

Н.НАРАНБААТАР: АЛЬШАА, БАЯННУУР АЙМГУУДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫНХАНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ ИРЛЭЭ 

 (Өмнөговь аймгийн Засаг дарга) 

Нутаг орноо хөгжүүлэхэд төр, хэвлэл мэдээллийн байгууллагууд бид нягт уялдаа холбоотой байж төрийн бодлого шийдвэр, үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг иргэд олон нийтэд сурталчлах чиглэлээр төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд хөрш зэргэлдээ Альшаа, Баяннуур аймгуудын хэвлэл мэдээллийн салбарынхантай орон нутгийн телевиз, сонин сайтууд хамтран ажиллаж ирлээ. Төрөөс орон нутгийн сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлэн орон сууцны дэмжлэгт хамруулах, сэтгүүлчээр суралцаж буй оюутныг сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамруулж нийт сэтгүүлчдээ сурч хөгжих, туршлага судлах сургалт, уулзалт арга хэмжээнд оролцуулан санхүүгийн дэмжлэг үзүүлж хамтарч ажиллаж ирсэн.

    Форумын үеэр талууд хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.  Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо хооронд байгуулсан санамж бичгийг шинэчлэн байгуулах, МСНЭ, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэл Мэдээллийн алба хоорондын гэрээг шинэчлэн батлах, Баяннуур хотын хэвлэл мэдээллийн алба, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Хэвлэл Мэдээллийн алба хооронд хамтран ажиллах чиглэлээр тус тус санамж бичиг үзэглэлээ. Мөн “Хятад Монголын цахим хамтын ажиллагааны II уулзалт ярилцлага” салбар хуралдаан боллоо. Хоёр орны цахим хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ