Олон Улсын 13 дугаар Медиа Форумд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр оролцлоо

   Беларусийн Олон Улсын 13 дугаар Медиа Форум Минск хотод энэ сарын 11-14-ны өдрүүдэд боллоо. Форумд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр нь Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлзүйн ухааны доктор, сэтгүүлч Б.Галаарид, Беларусь улс дахь Монгол Улсын консулын төлөөлөгч С.Цогоо нарын хамт Монгол Улсаа төлөөлөн анх удаа оролцлоо.  

Тус Форумд ОХУ, БНХАУ, АНУ, Англи, Герман, Финлянд, Франц, Эстони, Итали, Израйл, Бельги, Болгар, Австри, Герман зэрэг 27 орны хэвлэл мэдээллийн салбарын 134 төлөөлөгч, Беларусийн 269 төлөөлөгч оролцсон байна. Мөн 20 гаруй орны 30 гаруй дипломат төлөөлөгчид хүрэлцэн иржээ. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр Беларусийн Сэтгүүлчдийн Холбооны удирдлагуудтай албан уулзалт хийж, хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.

Бүгд Найрамдах Беларусь Улсын Мэдээллийн сайд Александр Николаевич Карлюкевич ойрын хугацаанд Монгол Улсад айлчлах, хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг эхлүүлэх, сэтгүүлч солилцох, хамтарсан контент бэлтгэх, харилцан айлчлах ажлыг хэрэгжүүлэх, 2019 оны 2 дугаар сард Беларусь улсад зохион байгуулагдах зохиолчдын үзэсгэлэн, форумд оролцон Монголын уран бүтээлчдийн бүтээлийг дэлгэн үзүүлэх, ирэх оны 5-р сард зохион байгуулагдах Хэвлэл мэдээллийн форумд Монголын талаас оролцох, БНБУ-ын Мэдээллийн яамны Гадаад харилцааны газартай МСНЭ-ийн зүгээс ойрын үед Беларусь улсад дахин албан уулзалт хийх зэрэг асуудлаар нээлттэй ярилцсан байна. Ийнхүү МСНЭ нь Беларусийн хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах чиглэлээр санал солилцов. Бүгд Найрамдах Беларусь Улс нь 1250 хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй бөгөөд 20.000 гаруй сэтгүүлч, уран бүтээлчид ажилладаг байна.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр Беларусийн төв телевизэд ярилцлага өгч, хамтран ажиллах арга зам, форумын талаарх санал бодлоо хуваалцлаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ