“Сэтгүүлч ордон”, 1000 сэтгүүлчийн орон сууц төсөл хэрэгжиж эхэллээ

     Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын түүхэнд томоохон үйл явдал өнөөдөр тохиож байна. Тодруулбал, Монголын сэтгүүлчдийн анхны 16 давхар ордон барих төсөл, 1000 сэтгүүлчийг хямд өртөг бүхий чанартай орон сууцаар хангах хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжиж эхлээд байна.

МСНЭ-ийн XVII Их хурал 2018 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр болж, Ерөнхийлөгчөөр Х.Мандахбаяр сонгогдон, удирдлагын шинэ баг бүрдэн ажлаа эхэлсэн. Тэрбээр мөрийн хөтөлбөртөө Монголын сэтгүүлчдийн ордон барьж, 1000 сэтгүүлчийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Энэхүү амлалт ажил хэрэг болох эхлэлийг тавьж, тавдугаар сарын 3 буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр зохион байгуулсан ”Хараат бус сэтгүүл зүйн үндэсний форум”-ын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Сэтгүүлч ордон”-ы газрыг шийдвэрлэж өгөхөө нийт сэтгүүлчдэд мэдэгдэж байсан юм.

Тэгвэл хотын дарга сэтгүүлчдэд амласан амлалтаа биелүүлж, шинийн 17-ны энэхүү билэгт сайн өдөр "Сэтгүүлч ордон” барих газрын гэрчилгээг МСНЭ-д олгосныг МСНЭ-ийн Ерөнхийлөгч салбарынхандаа өнөөдөр танилцууллаа. Сүхбаатарын талбайгаас 2 километрийн зайд 32-ын тойрогт төв зам дагуу 678 м2 газрыг хотын захиргааны зүгээс сэтгүүлчдэд олгожээ. Ийнхүү газрын гэрчилгээтэй болсон МСНЭ-ийн удирдлагууд 16 давхар “Сэтгүүлч" ордны иж бүрэн зураг төсөл боловсруулах гэрээг өнөөдөр "Марс Констракшн" компанитай байгуулснаар Сэтгүүлчдийн ордон босох ажил гараанаасаа хөдөллөө.

Түүнчлэн МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр Мөрийн хөтөлбөртөө тусгасан “1000 сэтгүүлчийг орон сууцжуулах” амлалтаа богино хугацаанд ажил хэрэг болгож чадсанд салбарынхан талархалтай байна. Нийслэл хотыг хөгжүүлэх 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллыг орон сууцжуулах 1620 айлын  “Шинэ Гүрэн” иж бүрэн цогцолбор хорооллын бүтээн байгуулалтын төслийг "Шинэ Гарц" ХХК 2015 оноос өөрийн хөрөнгөөр амжилттай хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Тэгвэл “Шинэ гүрэн” орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын төслийн хүрээнд эхний ээлжийн 400 сэтгүүлчийг орон сууцаар хангах гэрээнд өнөөдөр МСНЭ болон "Шинэ Гарц" ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурж, шав тавих ёслол үйлдлээ. Ингэснээр 2019 онд эхний 100 сэтгүүлч 1м2 нь 1.099.000 төгрөгийн үнэтэй бүрэн цутгамал орон сууцтай болох боломж бүрдэж байна. Хөтөлбөрт хамрагдах сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтныг сонгон шалгаруулахдаа Сэтгүүлч, Редакци, МСНЭ-ийн хооронд гурвалсан гэрээ байгуулж сэтгүүлчийг редакцидаа тогтвор суурьшилтай ажиллах, сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх  бодлогыг баримтлах ажээ. Хямд үнэтэй, чанартай орон сууцанд хамрагдах сэтгүүлчдийг бүртгэх журам, гурвалсан гэрээ зэргийг МСНЭ-ийн Ажлын албанаас удахгүй редакциудад нэгдсэн журмаар танилцуулах юм. 

       МСНЭ-ийн Ерөнхийлөгч  Х.Мандахбаяр, "Сэтгүүлчийн нийгмийн асуудлыг шийдэхгүйгээр, цалин хангамжийг нь нэмэхгүйгээр тэднээс хариуцлага нэхэх нь учир дутагдалтай. Тийм болохоор бид энэ ажлыг эхэлсэн. Мөрийн хөтөлбөрт тусгасан, төлөвлөсөн ажлууд гараанаас гарч байна. Сэтгүүлчдийн ордон иргэд, олон нийтэд үргэлж нээлттэй байна. Нийгмийн түүчээ болсон сэтгүүлчид нэгдэн нягтрах байр талбай, мэргэжлийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулах орчин нөхцөл бидэнд хэрэгтэй байсан. Хараат бус, чөлөөт сэтгүүл зүйг эрхэмлэж, хөгжүүлэхэд энэ бүтээн байгуулалт, бидний гэр болох энэ ордон үр өгөөжөө өгнө. Мөн сэтгүүлчдийг орон сууцжуулах ажил бүрэн шийдэгдсэнийг дуулгахад таатай байна. Цаг наргүй ажилладаг Хэвлэл, мэдээллийн салбарынханд маань энэ мэдээж хамгийн чухал асуудал" гэлээ.

1000 сэтгүүлчийн орон сууцжуулах төсөлд хамтран ажиллаж буй "Шинэ гарц" ХХК-ийн Ерөнхий захирал Б.Бадамрагчаа, “Шинэ Гарц” ХХК нь 2005 оноос барилга угсралтын чиглэлээр 14 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Орон сууц, үйлдвэр, үйлчилгээ, оффис, цэцэрлэг гэх мэт 200 гаруй барилгын ажил гүйцэтгэсэн. Нийтдээ 900 айлын орон сууцны барилгын ерөнхий гүйцэтгэгч болон захиалагч гүйцэтгэгчээр ажиллаж ашиглалтанд оруулсан.

     Нийслэл хотыг хөгжүүлэх 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллыг орон сууцжуулах 1620 айлын иж бүрэн цогцолбор хорооллын “Шинэ Гүрэн” иж бүрэн цогцолбор хорооллын төслийн ажлыг "Шинэ Гарц" ХХК амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь 10 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 2026 онд бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа.

МНСЭ-ийн зүгээс манай компанид сэтгүүлчдийг хямд өртөг бүхий орон сууцаар хангах 1000 сэтгүүлчийн орон сууц төслийг хамтран хэрэгжүүлэх санал тавьсан. Бид судалж үзсэний үндсэн дээр "Шинэ Гүрэн" хорооллын бүтээн байгуулалтын хүрээнд нэг метр квадратыг нь 1.099.000 төгрөгөөр 400 сэтгүүлчийг бүрэн цутгамал чанартай орон сууцаар хангах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурж байна. Бид энэхүү төслийг харилцан ашигтай, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн, нийслэл хотынхоо утааг бууруулах, хөрсний бохирдлыг багасгахад хувь нэмрээ оруулсан үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын ажил хэмээн үнэлж, төсөлд хамтран ажиллаж байгаадаа баяртай байна” гэлээ.

Нийт 400 сэтгүүлчийг хямд орон сууцаар хангах "Шинэ гүрэн" төслийн нээлт, шав тавих боллоо. Ийнхүү Монголын сэтгүүлчдийн анхны 16 давхар ордон барих төсөл, 1000 сэтгүүлчийг хямд өртөг бүхий чанартай орон сууцаар хангах хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ