МСНЭ-ийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөл

  Монголын Сэтгүүлчдийн эвлэл, Монголын Чөлөөт сэтгүүлчдийн эвлэл  1990 –ээд оны эхнээс тус тусдаа үйл ажиллагаа явуулж байгаад 2003 онд нэгдснээр МСНЭ байгуулагдан ажиллаж байсан ч хөдөө орон нутагт салбар зөвлөлгүй байсан юм. Тэр үед “Ардын эрх” сонин, МОНЦАМЭ агентлагийн  аймаг дахь сурвалжлагчаар ажиллаж байсан М.Нямаа санаачлага гарган өөрийн удирдаж байсан Радио телевизийн нэгдсэн редакциа түшиглэн  МСНЭ-ийн салбар зөвлөлийг аймагтаа байгуулсан байна. Ахмад сэтгүүлч Д.Сүрэнжав, “Ардын эрх” сонин, Монцамэ агентлагийн аймаг дахь сурвалжлагч М.Нямаа, Монголын радиогийн сурвалжлагч Б:Бат-Эрдэнэ, аймгийн Радио телевизийн сурвалжлагч Д.Ганчимэг, Ц.Мягмарбаяр, Ж.Эрдэнэцэцэг, зураглаач эвлүүлэгч Д.Ганбаатар, Д.Гангаа чөлөөт уран бүтээлч Б.Хадбаатар, FM-106,5 богино долгионы радиогийн хөтлөгч Б.Гантуяа, “Эрх чөлөө” сонины сурвалжлагч Ж.Чимидцэрэн нар хуралдаж МСНЭ-ийн аймаг дахь салбар зөвлөлийг байгуулан тэргүүнээр нь М.Нямааг сонгож байсан бол эдүгээ Хөвсгөл аймагт 4 телевиз, 2 сонин, нэг радио, 3 fm  тэдгээрт 40 шахам сурвалжлагч зураглаач, эвлүүлэгч, хөтлөгч, нэвтрүүлэгч ажиллаж байна.

Салбарын тэргүүнээр 2017 оноос Д.Гангаа сонгогдон ажиллаж байна.   Харилцах утас:9960-9997, 9609-2011 И-мэйл Gangaa_mtv@yahoo.com     

               ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙГАА ХЭВЛЭЛ

                                        МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА                              

                                “Хөвсгөлийн долгион” радио

          Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга 1988 оны 8 дугаар сарын 19-ны захиармжаар “Хөвсгөлийн долгион” радио редакцийг  байгуулан анхныхаа нэвтрүүлгийг 1989 оны 2 дугаар сард сонсогчиддоо хүргэж байжээ. Радиогийн анхны эрхлэгчээр зохиолч Ж.Нямаа, сурвалжлагчаар П.Энхцэцэг найруулагч техникчээр Ч.Пүрэвдорж. 1990 оноос сурвалжлагчаар Б.Бат-Эрдэнэ нар ажиллаж байжээ. “Хөвсгөлийн долгион” радио нь 1988-1994 онд Мэдээлэл Радио,Телевизийн Улсын Хорооны харьяанд байгаад аймгийн мэдэлд шилжсэн байна. 1994 оноос радиогийн нэвтрүүлгээ долоо хоногт 3 удаа 30 минутын хугацаатайгаар сонсогчиддоо хүргэдэг болсон.

    Японы Засгийн газрын тусламжаар аймаг дахь дахин дамжуулах станцад богино долгионы шинэ радио станц 2003 онд ашиглалтад орсноор  “Хөвсгөлийн долгион” радиогийн нэвтрүүлгийн цацагдах зай улам тэлж 500 км-ын радиуст сонсогчид нэвтрүүлгээ сонсгол сайтай хүлээн авах болсон. 2000 оноос “Хөвсгөлийн долгион” радио, “Мөрөн” телевиз, богино долгионы FM-106,5 радио гэсэн бүтэцтэй нэгдсэн редакцийн зохион байгуулалттай ажиллаж байгаад Мөрөн телевиз 2009 онд хувьчлагдан “Хөвсгөлийн долгион” радио нь олон нийтийн радио гэсэн статустай ажиллах болсон.

                                       МӨРӨН ТЕЛЕВИЗ

       Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2000 оны 12 дугаар сарын 7-нд гаргасан тогтоолоор Мөрөн телевизийг байгуулж, анхны нэвтрүүлгээ үзэгчиддээ хүргэх бэлтгэлээ ханган, техник тоног төхөөрөмжөө, боловсон хүчнээ бэлтгэж, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос2001 оны 5 дугаар сарын 17-нд авч, анхны нэвтрүүлгээ 2001 оны 10 дугаар сарын 1-нд цацсан байна. Мөрөн телевизийн анхны захирлар нь М.Нямаа, сурвалжлагчаар Б.Бат-Эрдэнэ, Д.Ганчимэг, Ц.Мягмарбаяр, Н.Уданбараа, зураглаач техникчээр Б.Энхболд, Н.Цэнд-Очир нар ажиллаж байв. Мөрөн телевизийн дамжуулах станц нь Өвөр Монголын “Одон” телевизийн нэвтрүүлгийн шууд дамжуулан үзүүлж байсан юм.

      2001 оноос долоо хоногт 1,30-3 цагийн нэвтрүүлэг бэлтгэн цацдаг байсан бол 2008 оноос өдөр бүр шинэ нэвтрүүлэг бэлтгэн цацдаг болж, түүнээ дараагийн өглөө давтан өөрийн сувгаар цацаж үзэгчиддээ хүргэж байсан юм. 2009 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  шийдвэрээр хувьчлагдан захирлаар нь Э.Долзодмаа ажиллах болсон. Мөрөн телевиз нь 2014 оноос өөрийн гэсэн байртай болж  2017 оноос нэвтрүүлгээ ДДЭШ кабелийн сувгаар аймгийн хэмжээнд цацаж үзэгчиддээ хүргэх болсон байна.

                              “ДАЛАЙ ЭЭЖ” ТЕЛЕВИЗ

   . 2004 оноос  “Хөвсгөл мэдээллийн төв” студи, “DES” телевиз нэртэйгээр 8 жил ажиллаж байгаад 2013 оны 11 дугаар сард хөрөнгө оруулалт хийж “Хөвсгөл Мэдээллийн төв” ТББ байгуулан  “Далай ээж” телевиз нэртэй болж 4 дахь жилдээ ажиллаж байна.  2017 оноос  телевизийнхээ дэргэд “Далай ээж” продакшин байгуулан 3 клип хийж үзэгчиддээ хүргээд байна. ”Далай ээж” телевиз нь өдөр бүр өглөөний 8 цагаас үдшийн 24 цаг хүртэл эфирээ ажлуулж байна. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны шаардлагын дагуу тоон системд албан ёсоор шилжиж эфирийн цацалтын программыг шинэчлэн MIX программаар Мөрөн сумын иргэдэд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг дуу дүрсний өндөр   үзүүлэлтээр  хүргэж байна.

“Далай ээж” телевиз нь өдөр бүр “Цайны дээж” өглөөний хөтөлбөр, “Дэлгэрмөрөн” мэдээллийн хөтөлбөр, “Зочин”ярилцах цаг, Үзэгний чимээ” уран зохиолын нэвтрүүлэг, ”Бүсгүй цаг” манлайлагч эмэгтэйчүүдийн цуврал нэвтрүүлэг, ”Эрүүл мэнд таны гарт” эрүүл мэндийн нэвтрүүлэг, “Энэ юу вэ?” хүүхдийн нэвтрүүлэг, “Ocean’s beat” хөгжмийн нэвтрүүлэг, “Амжилтаар эвхсэн он жилүүд”, “Миний амьдралын зам”, “Аяны богц” зэрэг сум орон нутгаас бэлтгэдэг цуврал нэвтрүүлэг,  “Хүн доторх ертөнц” хөрөг нэвтрүүлгийг сард 1-2 удаа бэлтгэж байгаа нь  үзэгчдийн үзэх дуртай нэвтрүүлэг болсон. Манай телевиз нь мэргэжлийн зураглаач,  сэтгүүлчээр  мэргэжлийн баг бүрдүүлсэн нь бусад телевизээс давуу талтай.

                                     “ЭРХ ЧӨЛӨӨ” СОНИН

МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл аймгуудад сонинтой болгох тогтоол 1944 онд гаргасан. Энэ тогтоолын дагуу аймгийн Намын Хороо, АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны хэвлэл “Эрх чөлөө” сонин 1945 оны эхнээс анхны дугаар нь хэвлэгдэн гарсан. Түүнээс хойш  74 жилийн турш сонин нэрээ солилгүй, нэг  ч дугаараа алгасалгүй уншигчиддаа 5553  дугаараа хүргээд байна. “Эрх чөлөө”  сонин 1945-2017 он хүртэлх бүх дугаараа  он оноор нь ботилон хавтаслан хадгалж байгаа нь аймгийн түүхийн хосгүй үнэт баримт болж байна.

“Эрх чөлөө” сонин долоо хоног тутам  дөрвөн нүүрээр  тогтмол гарч, байнгын нүүр булантай, нийтлэлийн олон хэлбэрээр уншигчид маань бичиж нийтлүүлдэг. Нэг удаа хэвлэгдэхдээ сонинд хэвлэгдсэн материалаас хамаараад 1000-2000  хувь, жилд 10-30 мянган хувь хэвлэгддэг. Төв хөдөөгийн идэвхтэй бичигч, орон нутгийн сурвалжлагч захиалагч олонтой. Тус сонин нийслэл Улаанбаатар хот, 15 аймаг дүүрэг, аймгийнхаа 24 сум тосгоны 130-иад багт тардаг. “Эрх чөлөө” сонин 1997 оноос хойш 6 удаа Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс шалгаруулдаг  оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар шалгараад байна.

                                   “Далай ээж” сонины танилцуулга

“Хөвсгөл мэдээллийн төв” НҮТББ “Далай ээж” сонин нь 2003 оноос үйл ажиллагаа явуулж өдийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. “Далай ээж” сонин нь 14 хоног тутамд 8 нүүрээр хэвлэгдэн уншигч захиалагчдынхаа гарт хэвлэгдэн хүрдэг. “Далай ээж” сонин нь Хөвсгөл аймгийнхаа 22 сум 1 тосгоны уншигчидад хүрч сумдын ЗДТГ-тай хамтран үйл ажиллагаагаа явуулж байна.  “Далай ээж” сонин нь одоогоор эрхлэгч, сэтгүүлч, хэвлэлийн эх бэлтгэгч гэсэн 3 хүний баг бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сонин нь “Орон нутгийн шилдэг хэвлэл”, 2012 онд Хөндүүр сэдэв нийтлэлээр Болор-Үзэг хүртэж байсан.

.                                             ТҮМНИЙ ТЕЛЕВИЗ

Түмний  телевиз нь 2005 оны 7-р сарын 10-ны өдөр Мөрөн суманд эфирээ цацаж эхэлсэн. Анх байгуулагдахдаа 3 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бол өдгөө 10 хүний бүрэлдэхүүнтэй өдөр бүр  07.00-01.00 цаг хүртэл эфирээ цацаж Мөрөн хотын иргэдэд нэвтрүүлгээ хүргэж байна. 2016 оноос Түмний телевиз нэртэйгээр үйл ажиллагаагаа эрхлэх болсон. 7 хоногийн  6 өдөр орон нутгийн чанартай мэдээ, сурвалжлага, ярилцлага, цэнгээнт болон танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэж үзэгчдийн хүртээл болгож байна. Тухайлбал өдөр бүр тогтмол 18.30, 20.30, 23.00 цагаас орон нутгийн цаг үе, үйл явдлын мэдээг “Тэнгэрийн цаг” мэдээллийн хөтөлбөрөөрөө бэлтгэн хүргэдэг. Ингэхдээ өдөрт анхаарал татсан, иргэдэд хэрэгтэй 5-6 мэдээ, тодруулга бэлтгэдэг. 

 Мөн 7 хоног бүрийн  даваа гарагт “Номын ертөнц”, мягмар гараг бүрт “Ажлын амт”, аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэстэй хамтарсан цуврал нэвтрүүлгүүд, лхагва гараг бүрт “Ажлын үр шим”, аймгийн ЭМГ-тай хамтарсан цуврал нэвтрүүлэг, пүрэв гарагт “Монгол бичиг бидний өв соёл” , аймгийн татварын хэлтэстэй хамтарсан цуврал нэвтрүүлгүүд, баасан гарагт “Монтажгүй яриа”, Дэлхийн зөн ОУБ, БСУГ-тай хамтарсан цуврал хичээл, нэвтрүүлгүүд, бямба гарагт “хүүхдийн цаг”, ням гарагт зочны цаг болон ярилцах цаг хөтөлбөр бэлтгэж үзэгчдийн хүртээл болгож байна. Амралтын өдрүүдэд 7 хоногийн тойм хөтөлбөр хүсэлтийн хариу болон бусад нэвтрүүлгийн давталтуудыг хүргэдэг. Ингэхдээ сурталчилгаанаас бусад төрлийн мэдээг үнэ төлбөргүй, цаг алдалгүй, хурдан шуурхай мэдээлдэг. Мөн өөрсдөө сэдэв олж хаана хамгийн их тулгамдаж байгаа асуудал байна, тэнд хүрч нэвтрүүлгээ бэлтгэж байна.

                         

                                       ”ХӨВСГӨЛ. ТЕЛЕВИЗ

Хөдөө орон нутагт хараат бус мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх үйлсэд хүчээ сорихоор сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглан дуу дүрсний чанар сайтай нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэхээр “Хөвсгөл” телевизийг 2012 онд байгуулаан анхны нэвтрүүлгээ 9 дүгээр сараас цацаж эхэлсэн.

        “Хөвсгөл” телевиз нь  үзэгчдийн хүсэн хүлээсэн мэдээ мэдээлэл, нэвтрүүлгийг тогтмол явуулан өөрийн гэсэн имиж, өнгө төрхийг үзэгчдийнхээ дунд буй болгоод байна. “Хөвсгөл” телевизид хэвлэл мэдээллийн салбарт 3-16 жил тогтвор суурьшилтай ажилласан, мэргэжлийн сэтгүүлч, зураглаач, найруулагч, эвлүүлэгч нар ажиллаж байна. “Хөвсгөл” телевизийн уриа дуудлага  бол:

                                      Шинэлэг, шуурхай байдал

                                      Итгэлтэй, үнэнч, шударга байдал

                                      Нээлттэй, нөхөрсөг харьцаа

                                      Элгэмсэг, нийтэч хамт олон

       “Хөвсгөл” телевиз нь нийгэм, улс төр мэдээллийн, уран бүтээлийн, инженер техник, зураглаач, эвлүүлгийн, санхүү аж ахуй, зар сурталчилгааны гэсэн 4 алба, 12 орчим уран бүтээлч, ажиллагсадтай ажиллаж байна. Тус телевизийн давуу тал нь  хараат бус, аль нэг талыг баримтлахгүй, мэдээллийн тэнцвэрт байдлыг хадгалж, хариуцлагатай, хүртээмжтэй мэдээллийн хөтөлбөр, нэвтрүүлгийг бэлтгэн үзэгчиддээ хүргэдгээрээ онцлог юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ