Шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаанд шалгарсан сэтгүүлчдэд шагналыг нь гардууллаа

  “Өвөрмонголын соёлын өдрүүд” арга хэмжээ Улаанбаатар хотноо өнгөрсөн есдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан билээ. Тус арга хэмжээг БСШУСЯ, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулж, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл мэдээлэл сурталчилгааны чиглэлээр дэмжин оролцсон юм.

“Хятад орныг танин мэдэх” уриатайгаар дөрвөн өдрийн турш үргэлжилсэн соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд Монголын телевиз, сонин сэтгүүл, сайт, радиогийн нийт уран бүтээлчдийн дунд зохион байгуулагчдын зүгээс шилдэг, мэдээ мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарласан билээ. Тэгвэл МСНЭ-ээс тус уралдаанд байр эзэлсэн шилдгүүдэд шагналыг нь гардуулан өглөө

Уралдааны гол агуулга нь хоёр орны найрамдалт харилцаа, соёлын үнэт зүйлийг тод томруунаар товойлгон дүрсэлж, “Өвөрмонголын соёлын өдрүүд”-ийн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээний ач холбогдол, онцлогийг олон нийтэд таниулан сурталчилж, сонирхолтой, хүртээмжтэйгээр мэдээлэн сурвалжлахад оршиж байсан юм.

Уралдааны шүүгчээр МУИС-ийн сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч, профессор М.Зулкафиль, МСНЭ-ийн Сургалт, судалгаа хариуцсан Дэд eрөнхийлөгч сэтгүүлзүйн доктор, профессор Ж.Батбаатар, МУСГЗ, доктор Б.Галаарид нар ажиллав. БНХАУ, ӨМӨЗО-ы соёл, зан заншил, үнэт зүйлсийн талаар хөндөж 35 сэтгүүлч 240 бүтээлээ ирүүлсэн байна. Үүнээс телевизийн 55, сонины 14, сайтын 165, радиогийн 6 бүтээлийг 10 хүртэлх оноогоор үнэлж дүгнэн, 15 сэтгүүлчийг байр эзлүүлэв. Шилдэг бүтээлийг шалгаруулахдаа уралдааны удирдамж, тавигдах шаардлагыг баримталж, телевиз, сонин, сайт, радиогийн жигд оролцоог эрхэмлэсэн гэдгээ  уралдааны шүүгчид онцолсон юм. Мөн эдгээр шалгарсан бүтээлүүд нь сэтгүүл зүйн бүтээлд хамгийн дөхөж очих, мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэл гаргасан бүтээлүүд гэж үзжээ.

Уралдааны шилдгүүдийг танилцуулъя.

Нэгдүгээр байр (БНХАУ-д 14 хоногийн сургалтад хамрагдах эрх олгов)

  • Х.Жавзмаа- UBS телевиз
  • М.Ариунжаргал- TV5 телевиз
  • Б.Мөнхзул- “Үндэсний шуудан” сонин
  • Л.Сайнбаяр- 24tsag.mn
  • А.Акерке- Assa.mn

Хоёрдугаар байрт (Lenovo брэндийн нөүтбүүкээр шагнав)

  • Ш.Адъяамаа- News.mn
  • Б.Ганчимэг- VTV телевиз
  • Б.Бундхорол- “Монголын мэдээ” сонин
  • Д.Баяржаргал- МҮОНР-ийн “Хурд” агентлаг
  • О.Сайханцэцэг- Olloo.mn

Гуравдугаар байр (Huawei брэндийн сүүлийн үеийн загварын P20 гар утсаар шагнав)

  • Г.Цэнд-Аюуш- NTN телевиз
  • З.Энхбаяр- Star телевиз
  • М.Мөнхтунгалаг- “Үндэсний шуудан” сонин
  • Д.Атарцэцэг- Zindaa.mn
  • Х.Уянга- “Өнөөдөр” сонин

Тодотгоход, “Өвөрмонголын соёлын өдрүүд” арга хэмжээнд ӨМӨЗО-ы муж, хотуудын уран хатгамалчид, уран дархан нарын үзэсгэлэн, урлаг уран сайхны тоглолт, кино өдөрлөг, хоёр улсын эмч нарын үнэгүй үзлэг оношлогоо, тэмцээн уралдаан зэрэг өргөн цар хүрээг хамарсан гурван хэсгээс бүрдэж, 11 цогц арга хэмжээ зохион байгуулагдсан юм. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ