Дэд сайд Х.Булгантуяа англи хэлийг амархан сурах аргаасаа хуваалцлаа

cmj_admin  |   2017-12-06  |   Мэдээ мэдээлэл / Үйл ажиллагаа


Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс Сангийн дэд сайд Х.Булгантуяаг урьж "Англи хэлийг хэрхэн богино хугацаанд амжилттай сурах вэ”, "Гадаадад  тэтгэлэгтэй болон хөнгөлөлттэй зээлээр суралцах боломж” гэсэн сэдвээр өнгөрсөн лхагва гаригт уулзалт зохион байгууллаа. Түүний уулзалтыг тоймлон хэл сурах арга барил, тэтгэлгийн талаарх яриаг багцлан хүргэж байна. 
Хуульчид хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, хэн нэгний хувь заяаг хуулийн хүрээнд шийдэх эрх байдаг бол эмчийн гарт эрдэнэт хүний алтан амь нас, сэтгүүлчид нийгмийн харах нүд болох үүрэг хариуцлага байдаг гэдгээрээ энэ мэргэжлүүд онцгой гэж ярианыхаа эхэнд Х.Булгантуяа онцоллоо. 
 
                           
    Хэл сурахад хэзээ ч оройтдоггүй
 
Хэл сурахад нас хувь хүний хичээл зүтгэл, хөдөлмөрч байдал чухал болохоос нас тийм ч чухал биш. Хэл сурах гэдэг хэдэн сар суугаад ард нь гарчихдаг ажил биш тасралтгүй суралцах процесс. Гадаад хэл сурахад зөв арга барилаа олох, системтэйгээр сурах нь их чухал гэдгийг оюутан ахуй цагтаа Хятад, Японд багшилж байсан туршлагаасаа мэдэрснээ Х.Булгантуяа хэллээ. Тэрбээр монголчуудын хэл сурах авьяас Азийн бусад орноос илүү учраас  хувь хүн өөрөөсөө хичээл зүтгэж гаргаад, системтэйгээр үзэж чадвал хүн болгон ард нь гарч чадна гэсэн юм. Түүний зөвлөж буйгаар англи үсгийн дуудлагыг эхнээс нь зөв, цэвэрхэн дуудаж сурах ёстой. Энэ бол аялга, дуудлага сайтай ярьж сурахын суурь. Англи толь бичиг эргүүлэхэд үгний хажууд хашилтанд яаж дуудах вэ гэдгийг нь галиглаж өгсөн байдаг. Манайхан үгээ л цээжлэхээс ямар үсгийг яаж дууддаг вэ гэдгийг төдийлөн анзаардаггүй гэнэ.
 
Яаж англи үсгийг зөв дуудаж сурах вэ /Бичлэг/

 

 

Тухайн орны соёлыг ойлгодог болох нь чухал 
 
Хэзээ өөрийгөө маш сайн англи хэл сурсан гэж ойлгох вэ гэдгээ энгийн байдлаар шалгахыг хүсвэл Америкийн "Sex and City”, "Friends” цувралуудыг үзээд хөгжилтэй яриануудыг сонсоод, дагаж инээдэг хэмжээнд хүрэх ёстой гэсэн юм. Х.Булгантуяа дэд сайд багаасаа Австралид бага сургуульд  сурч дараа нь Америкт боловсрол эзэмшсэн учраас соёлыг нь сайн ойлгодог байж. Харин Хятадад суралцаж байхдаа ангийнхныхаа ярьсан онигоог огтхон ч ойлгодоггүй, инээд нь хүрдэггүй байсан гэнэ. Энэ бол тухайн орны соёлыг нь бүрэн гүйцэд ойлгоогүй байсных хэмээсэн юм. Хэдийгээр анх Хятадад суралцахдаа тийм ч дуртай биш байсан ч ямар азаар Хятад хэл сурсан юм бэ гэж одоо боддог юм гэсэн юм. Хүн нэг хэлийг маш сайн эзэмших ёстой. Тэгээд болж өгвөл хоёр дахь хэлээ сурна гэсэн зорилго өөртөө тавих ёстой. Тэрбээр шинэ үг цээжлэх,  үгийн сангаа нэмэгдүүлэх ийм зөвлөгөө өглөө. 
 
Шинэ үг цээжлэх
 
Дуудлагыг нь бичиж авах Park /pa:k/,  tea /ti:/
 
Жишээтэй нь бичиж авах 
 
Угтвар дагавартай нь бичиж авах /afraid of, agree with/,
 
Ижил утгатай өөрийнхөө мэддэг үгээ байнга санаж байх
 
Адилхан дуудагддаг үгийг санаж байх
 
Үгийн сангаа нэмэх
 
Өдөрт 20 үг цээжил 
 
Өгүүлбэр өгүүлбэрээр нь цээжил. Ингэхдээ өөртөө хэрэг болох хөнгөхөн өгүүлбэрийг сонгож цээжлэх 
 
Байнга сонсч бай. Автобусанд, гэртээ, хүүхдээ харж байхдаа гээд цаг тутамд сонсохыг хичээ.
 
Үргэлж харж болох газраа шинэ үгээ бичээд нааж бай. Цаасаа харах болгондоо шинэ үгээ тогтоож, өгүүлбэр зохиох , өөрөө өөртэйгээ ярих гэж оролдож байх
 
Ням гаригт зургаан өдрийн турш цээжилсэн 120 үгээ шалгаж, тогтоогоогүй үлдсэн үгээ цээжилдэг өдөр болгох 
 
Өдрийн тэмдэглэлээ англиар хөтөлж эхлэх. Та бичиж чаддаггүй байсан хамаагүй. Би өглөө 8.30 ажилдаа явлаа. Цайгаа уулаа гээд бага багаар бичээд л байх хэрэгтэй.
 
 
Өөртөө том зорилго тавь, дэлхийн топ сургуульд суралц 
 
Сангийн дэд сайд Х.Булгантуяа бакалаврт байхдаа магистраа заавал дэлхийн топ сургуулиудын нэгэнд нь хамгаална гэсэн том зорилго өөртөө тавьжээ. Энэ хугацаанд Японд англи хэлний цагийн багш хийж овоо хэдэн доллар хуримтлуулсан. Ингээд дэлхийн шилдэг сургуулийн жагсаалт  гаргажээ. Тэр жагсаалтынх нь хамгийн эхэнд  Харвардын их сургууль байсан ч тухайн үед Х.Булгантуяа "Би энэ сургуульд тэнцэнэ гэж үлгэр байхдаа” гэж бодоод эрэмбээрээ дэлхийд хоёр, гуравт жагсдаг сургуулиудад материалаа явуулжээ. Дахиад сургуульд материалаа явуулмаар байсан ч шуудангаар явуулахаас эхлээд зардал гардаг болохоор хоёр сургуулийг сонгосон аж. Гэтэл удалгүй өнөөх хоёр сургуульд хоёуланд нь тэнцсэн хариу иржээ. Тэр үед  "Хэрвээ би Харвардад материалаа өгсөн бол тэнцэх л байсан байна шүү дээ” гэдэг бодол зурсхийж байсан гэж ярилаа. Тиймээс өөрийнхөө авъяас чадварт итгэж, дэлхийн шилдэг сургуульд суралцах зорилго өөртөө тавь. Надад мөнгө байхгүй, хэлэндээ тааруу  гэдэг хувь хүний өөрөө өөртөө тавьж байгаа хязгаар. Хэрвээ та олон улсад нэр хүндтэй сургуульд сурахаар шийдсэн бол мэдээж IELTS, TOEFL шалгалт аль нэгийг нь өгөх нь тодорхой. Үүнээс гадна GMAT, GRE шалгалт өгдөг. Энэ шалгалтыг өгөхийн тулд ойролцоогоор жил бэлдэх шаардлагатай байдаг. Тэтгэлэг сонирхож байгаа хүмүүс хэзээ шалгалтаа өгөх, хэзээ материалаа бүрдүүлэх талаараа нарийвчилсан төлөвлөгөө гаргах хэрэгтэйг тэрбээр зөвлөлөө. Манайхны гол алдаа нь цагийг нь тулгаад, хагас дутуу боловсруулалттай материал бэлддэг явдал  гэнэ. Сургууль руугаа явуулах эссэгээ яаж бичих вэ гэдгээ эртнээс бодож, нийгмийн сайн сайхны төлөөх үйлст гар бие оролцож, идэвхтэй  байх нь бас нэг үзүүлэлт болдог ажээ. 
 
Сурахын төлөө үргэлж тэмүүл 
 
"Манай ээж Австралийн үндэсний их сургуульд магистр хамгаалсан юм. Манайх Австралид хамгийн түрүүнд очсон Монгол гэр бүлийн тоонд орно л доо. Ээж их орой болтол номын санд суудаг. Би ээждээ хань болоод суудаг байлаа. Тэр том их сургуулийн номын санд сууж байхдаа "Би үүнээс ч гоё номын санд сууна” гэж боддог байсан юм. Орой гараад хоёулаа дугуйгаа унаад гэр лүүгээ явдаг байсан. Ээж аав  хоёр минь уйгагүй хөдөлмөрч хүмүүс. Би өсвөр настайдаа Австралид очсон болохоор соёлын шоконд орно гэдэг нь болж байлаа. Урьд нь огт үзэж харж байгаагүй цоо шинэ ертөнцөд хөл тавьсан. Тухайн үед хөгжил сул, бусдын нүдээр бол ядуу буурай орноос ирсэн болохоор надад илүү их хөдөлмөрлөхөөс, илүү ихийг сурах сонголт байсан. Ер нь Монголчуудын бусдын дор орохгүй гэж үздэг нэг талаараа шазруун, нөгөө талаараа зоримог зан чанар Европт ч Хятадад ч сурахад их надад тус болж байсан” хэмээн ярив. Тэрбээр Хятадад суралцахын хажуугаар англи хэлний хичээл цагаар заадаг байжээ. Англи хэлдээ гаргуун түүнд ажил захаас аваад л олддог байсан ч хааяа ажил олгогч нь "Чи өөрийгөө яагаад Монгол гэж танилцуулдаг юм бэ. Ийм мундаг хэлтэй байж Солонгос эсвэл өөр орных гэж хэлж болдоггүй юм уу гэдэг байж. Иймэрхүү хандлага гарах болгонд монгол хүн яагаад дэлхийн хэмжээнд байж болохгүй гэж боддог байснаа хуваалцлаа. Ер нь шалтаг тоочих л аливааг саатаж, удаашруулахын эхлэл болдог. Одоо мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа бидний хувьд Монголдоо ч англи хэлийг маш сайн сурах бүхий л боломж дүүрэн бий. Тиймээс зоригтой,зорилготой,  хөдөлмөрч байж мөрөөдөлдөө хүрэхийг зөвлөж, амжилт хүссэн юм. 
 
Эх сурвалж: http://niislel.mn/v/9114