Ж.БАТБААТАР: СЭЛЭМЧИЙН АХ БУРУУГҮЙ

cmj_admin  |   2018-05-10  |   Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл


 Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч Ж.Батбаатартай уулзаж "Нийгмийн сүлжээ”-ний мэдээллийн их урсгалын энэ цаг үе дэх хэвлэл мэдээллийн болон сэтгүүлчдийн мэргэжлийн үүрэг, хариуцлагын талаар ярилцлаа.

-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болох гэж байна. Монголын хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн байдал ер нь ямархуу түвшинд байна?

-Жил бүр улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний түвшинг тодорхойлон гаргадаг "Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын судалгаагаар манайх хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд орсон хэвээрээ, харин ч хоёр байраар ухарч 71 дүгээрт жагсжээ. Зарим үзүүлэлтээр хэвлэлийн эрх чөлөө тодорхой түвшинд хүрсэн ч улс төрөөс хараат байдал бүр ч лавшрах байдалтай байна. Төрийн байгууллага, албан тушаалтнууд нь татварын мөнгөөр хэвлэлийг аргалдаг, эрхшээл, нөлөөндөө байлгадаг иймэрхүү арга барил, хандлагыг халж өөрчлөхгүйгээр чөлөөт хэвлэл төдийгүй ардчилсан, шударга нийгмийн тухай ярих боломжгүйд хүрнэ. Хэдий цөөн хэвлэл ийм хандлага, барилтай байлаа ч гэсэн бусдыгаа хөөдөж нийгэмд чөлөөт хэвлэлийн нэр хүндийг нь унагаж байгаа нь их хор хөнөөлтэй юм. Хэвлэл хаана хараат бус байдлаа алдана тэнд хэвлэлийн нэр хүнд унаж, чөлөөт хэвлэлийн оршихуйд аюул учирч байдаг. Угаасаа манайх багтаамж тааруутай, жижиг зах зээлтэй, дээр нь олон зүйл шалтгаанаар сэтгүүл зүйн мэдээллийн хэрэглээ дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад хамаагүй их уналттай байгаа нөхцөлд хэвлэлийн хөгжлийн цаашдын ганц боломж нь мэргэжлийн түвшний бодит, чанартай мэдээлэл л байх юм.

Чөлөөт хэвлэл саяны хэлдэг шиг ямар нэг зохисгүй орлого, санхүүжилтээр амьдрах нь сайн юм огтхон ч биш, хэвлэл яг л банк, санхүүгийн салбар шиг уншигч хэрэглэгчдийнхээ итгэл дээр суурилж тогтдог. Мөнгө, эрх мэдэлтэй хүмүүс хэвлэлийг хөлслөн өөрсдөдөө үйлчлүүлэх замаар ашиг сонирхлын үйл ажиллагаа зохион байгуулах, нийгэмд нөлөөлөх, суртал ухуулгын хэрэгсэл болгох явдал их байгаа нь чөлөөт хэвлэлийн хөгжилд сөрөг нөлөө учруулж, нийгэм, олон түмэнд хэвлэл мэдээллийн үнэлэмжийг ихээхэн бууруулахад хүргэж байна.

-Үүний шалтгаан нь юунд байна?

-Чөлөөт хэвлэлийн үүрэг, хариуцлагыг ухамсарлаагүйтэй холбоотой. Хариуцлагаас ангид эрх чөлөө гэж үгүй. Хэвлэлийн хариуцлага нь аливаа явцуу эрх ашгийн нөлөөнд автахгүй хараат бусаар үйл ажиллагаагаа явуулахаас эхэлнэ. Гэтэл бид энэ зарчмаасаа ухарчихаад байгаа нь чөлөөт хэвлэлийн өөрийнх нь мөн чанарт харшлах төдийгүй нийгмийн олон болох бүтэхгүй асуудлын эх үндэс болж байна шүү дээ. Хариуцлагатай сэтгүүл зүй нийгэм дэх аливаа асуудлыг хөндөж, олон нийтийн анхааралд гарган тавьж, шударга бус зүйлтэй тэмцэн илчлэгч, шүгэл үлээгч байх ёстой юм.

Жинхэнэ чөлөөт хэвлэл чинь ардчилсан нийгмийн бүтцийн нэг бүрэлдэхүүн хэсэг, бүр гол эд анги нь юм. Түүнгүйгээр ардчилсан, шударга сайхан нийгмийн тухай ярих боломжгүй.

Зарим хүний хэлдгээр сэтгүүл зүй нийгмийн оюун санааг хөтлөх нь ч хаашаа юм, гэхдээ нийгмийн үзэл санаа, хандлагад чухал нөлөөтэй хэрэгсэл учраас хэвлэл тэр хэрээр хариуцлагаа ухамсарлаж байх хэрэгтэй болдог. Энэ нь зөвхөн буруу ташаа, бодит бус мэдээлэл эсвэл олонтаа яригддаг нэр төр гутаах, гүтгэх, доромжлохтой холбоотой хариуцлага, ёс зүйгээс гадна үнэт зүйл, зарчим, хандлагатай холбоотой хариуцлагыг ч бас хамарна. Гэхдээ энд бид хариуцлагатай хэвлэл, чөлөөт хэвлэлийн өөрийн хариуцлагын тухай ярьж байгаагаас бус социализмын үеийн үзэл суртлын хэвлэлд тавьдаг хяналт цензурын тухай яриагүй шүү.

-Та үнэт зүйл, зарчим, хандлагатай холбоотой хэвлэлийн хариуцлага гэлээ?

-Тийм ээ, зарим баримтад тулгуурлаж ярья. Түрүүхэн дээ, нэг залуу баар цэнгээний газар танхайрч, тоглоомон ч гэл үү сэлэм эргүүлж бусдыг айлгаж ичээсэн явдал болж хэвлэлээр мэдээлэгдсэн. Гэтэл нийгмийн сүлжээнийхэн мань сэлэм эргүүлэгчийн ахыг хотын байх аа, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэн даруй хөөж зайлуулах хэрэгтэй гэж олноороо давалгаалж, зарим цахим хэвлэл тийм "муу дүүтэй ах”-ыг хөөхийг дэмжин хөөрөгдөж байх жишээтэй. Хэдэн он, ямар нийгэм билээ энэ чинь. Өнөөгийн бидний сонгосон ардчилал ч, чөлөөт хэвлэл ч өөрийн үнэт зүйл, тодорхой зарчим дээр оршин тогтнодог "урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах”-ыг зөвшөөрдөггүй нийгэм. Энэ зарчимд үнэнч байх нь, ардчилсан нийгмийн үнэт зүйл бүрийг тууштай хамгаалах нь чухамдаа чөлөөт хэвлэлийн цаг ямагт сахин хүлээх үүрэг, хариуцлага юм. Энд бид "гэр бүл, ойр дотнынхон, хамаатан садан, хамт ажиллагсад, найз нөхөд нь буруугүй” гэдэг дэлхийн аль ч улсын чөлөөт хэвлэлийн эрхэмлэн баримталдаг алтан дүрмээ ч мартчихаж байна шүү дээ. Ямар ч тохиолдолд сэлэмчийн ах буруугүй. Хэвлэл мэдээлэл энэ мэтээр нийгэмд цөөнгүй гардаг ч сүүлийн үед давтамж нь улам бүр ойрхон болоод байгаа нийгмийн үнэт зүйлс, ардчиллын эсрэг буруу үзэл,хандлагыг дэвэргэн сурталчилах нь ерөөсөө л хариуцлагагүй байгаагийнх нь илрэл юм.

-Өөр ямар хариуцлагын тухай бид ярих ёстой вэ?

-Нийгмийн аливаа сайн жишиг, үнэт зүйлийг төлөвшүүлэхэд хүн бүрийн оролцоо, хичээл зүтгэл чухлын адил бид чанартай, сайн чөлөөт хэвлэлтэй болоход хэвлэл мэдээллийн индрийг ашиглагчдын хариуцлагын тухай ч мөн ярих хэрэгтэй болж байна.

Ялангуяа манай олон улстөрчид, эх орончид хэвлэлийг буруу бусармаг зорилгынхоо төлөө шударга бусаар их ашигладаг нь нутагшиж ядан буй чөлөөт хэвлэл, нийтийн соёлын төлөвшилд учруулж байгаа хор хөнөөл, хариуцлагагүй явдал юм. Одоо ямар бүлэглэл, хэн юу хийж, яах гээд байгааг тэдний өрнүүлж, зохион байгуулж байгаа хэвлэлийн кампанит ажлаас нь л олон түмэн урьдчилан хардаг, сайхан юм яриад муухай юм хийдгийг нь мэддэг болчихсон шүү дээ. Тэдэнд ёс зүйгээ сахиж, иргэний хариуцлагаа биелүүлэхийн чухлыг сануулах, шаардах нь зөв ч, тийм амархан засарч чөлөөт хэвлэлийн хөгжилд хувь нэмрээ оруулчихна гэж найдалтгүй л болов уу.

Нэг зүйлийг хэлэхэд энэ бүхний гол нь сэтгүүл зүйн салбараас өөрөөс нь шалтгаалж байна. Бид бурууг бусдад тохох биш өөрсдөө л хичээж, мэргэжлийн түвшинд хараат бусаар, хариуцлагатай ажиллаж байж үүргээ биелүүлж, амжилтад хүрнэ, болохгүй, бүтэхгүйгээ засаж залруулна.

-Сүүлийн үед нийгмийн сүлжээн дэх хуурамч мэдээ, мэдээллийн тухай их яригдаж байна?

-Юуны түрүүнд сошиал орчин дахь элдэв худал, хуурмаг мэдээлэл бол сэтгүүл зүйд огтын хамааралгүй асуудал юм. Тэр орчны мэдээлэл нь сонин хэвлэлийнх шиг тухайн мэргэжлийн редакци мэдээллийнхээ хариуцлагыг хүлээдэггүй, үнэн бодитой эсэхийг нь шалгаж баталгаажуулаагүй мэдээлэл байдаг учраас их түвэгтэй. Хэн ч мэдээлэл түгээж болох хязгааргүй том орон зай, тэр байтугай нэр, зүсээ нууж далдлах нь их байдаг учраас мэдээлэл, баримтыг үнэн бодитой байхыг шаардах, шалгуур тавих боломж нь угаасаа хомс л доо. Тийм болохоор л иргэдэд мэргэжлийн түвшинд боловсруулагдаж шалгагдсан баталгаатай, хэрэгтэй, тустай сэтгүүл зүйн мэдээлэл хэрэгтэй, олон нийт ч тийм бодит мэдээллийн үйлчилгээг хүртэх эрхтэй гэдэг утгаар нь олон нийтийн мэдээлэлд хаана хаанаа анхаарал хандуулах шаардлагатай болсон.

-Нийгмийн сүлжээний мэдээллийн орчныг сайжруулах ямар боломж, арга зам байдаг бол?

-Нэлээд түвэгтэй, зохицуулалт хийхэд бэрхшээлтэй асуудал. Энэ чинь иргэний суурь эрх болох үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй холбоотой зүйл болохоор хамаагүй хориг, хаалт тавих нь хүний эрхийг зөрчих, хаан боогдуулахад хүргэх талтай. Олон улс оронд шийдвэрлэх арга замуудыг эрэлхийлж цахим орон зайд хуулийг хэрэгжүүлэх ажлыг хийж тусгайлсан хууль батлах зэргээр зохицуулалт хийж байна. Энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд ч зохисгүй зүйлст тавих хяналтаа сайжруулах замаар цахим орчныг эрүүлжүүлэх, чанаржуулах шийдлүүд их хийх боллоо. Ер нь тэгээд нийгмийн ухамсар, иргэдийн хэрэглээний соёлоос л ихээхэн хамаарч байна даа.

-За одоо хоёулаа хариуцлагын тухай яриандаа эргээд орох уу?

-Миний хэлээд байгаа гол санаа бол ардчилсан нийгэмд хэрэгтэй, бас ихээхэн нөлөөтэй хэрэгслэл чөлөөт хэвлэлийн үүрэг өнөө үед чухал учраас сэтгүүл зүйн үйл ажиллагаа зөвхөн мэргэжлийн дүрэм, зарчим дээр тулгуурласан байх, тийм соёлыг төлөвшүүлэх тухай юм. Үүнд хүний хүчин зүйл их үүрэгтэй болохоор сэтгүүлчдийн хандлага, хариуцлагын тухай яригдана.

Өнөөдрийн практикаас харахад сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны хараат бус байдалд зайлшгүй анхаарах ёстой болсон байна. Зарим маань аль нэг улс төрийн хүчин, тодорхой бүлэглэл эсвэл хувь хүний нөлөөнд хэт автаж суртал ухуулагч шиг нь ажилладаг. Хэн нэгнээс хараат бус, чухамхүү бие даасан байж ажил үүргээ жинхэнэ утгаар нь гүйцэтгэх учиртай сэтгүүлчдийн ийм хариуцлагагүй байдлыг юугаар ч зөвтгөх аргагүй. Мэргэжлийн үүрэг, ёс зүйгээ умартан улс төрийн нам, хувь улс төрчийн сонгуулийн сурталчилгаа, PR-ийг хээв нэг хийж байгаа сэтгүүлч орчин үеийн соёлтой, мэдээлэлтэй уншигч, үзэгчдийн хувьд бол шударга ёс, үнэний дуу хоолой сэтгүүлч биш тухайн нам, тухайн улстөрчийн төлөөлөгч, хэвлэлийн ажилтан нь л юм, тэгж л харагдана. Тодорхой хүрээнийхэнд тийм биш гэж бодогдож байвч тэдний бодол, хүслээс өөр зүйл л дээ. Сонгууль дуусаад л нам, улс төр, эсвэл төлөө нь ажилласан хүнээсээ хараат бус болж сэтгүүлчээ хийнэ гэхээр чинь огтхон ч үнэмшил төрүүлэхгүй, би түрүүнд чөлөөт хэвлэл иргэдийн итгэл үнэмшил дээр оршин тогтдог гэдгийг хэлсэн.

Хэрвээ хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж, сэтгүүлч хийж л байгаа бол мэргэжлийнхээс бусад эрх ашгийг, ашиг сонирхлыг хойш тавих нь чөлөөт хэвлэлийн төдийгүй нийгмийн шударга ёс, сайн сайхны тусын тулд сэтгүүлчийн үүрэг нь байх ёстой. Манайд PR, хэвлэлийн алба, сэтгүүл зүй гэсэн хоорондоо ихээхэн ялгаатай, өөр өөрийн чиг үүрэгтэй, тэр ч байтугай эрс тэс салбаруудын зарчим, горим алдагдан нэг зүйл мэт холилдон байдгаас болж элдэв нөлөөллөөс ангид бодит, цэвэр мэдээлэл л байх ёстой сэтгүүл зүй багагүй хохирч байгаа нь бодит байдал юм.

-Одоо хувь сэтгүүлчийн хариуцлагын тухай ярианд шилжсэн болохоор "нийгмийн сүлжээ”-ний орчинд сэтгүүлчид ихээр оролцож байна. Үүний сөрөг талын тухайд онцолж юу хэлмээр байна вэ?

-Зарим сэтгүүлч "нийгмийн сүлжээ”-нд өөд, уруугүй "ажиллаж” байгаа нь олон зүйл шалтгаанаас үүддэг байх. Сэтгүүлч бичсэн бичвэрээ аль болох олон хүнд хүргэхийг бодох, мөн фэйсбүүк хэмээх том орон зайд нэвтэрч уншигч фэнүүдээ нэмэгдүүлэх гэсэн зорилго ч байдаг биз. Мэдээж бусад хүмүүсийн л адил тэр ертөнцөд үзэл бодлоо хуваалцах, дуу хоолойгоо өргөх сонирхол ч байгаа. Тухайн хувь хүний л асуудал мэт боловч сэтгүүлчийн ийм "сошиал ажиллагаа”-г мэргэжлийн талаас авч үзвэл огтын тохиромжгүй юм. Орчин үеийн нийгэмд иргэдийн мэдээллийн боловсрол юу юунаас чухал асуудал болж, дэлхий нийтээр тусгайлсан хөтөлбөр дэвшүүлж, анхаарлаа хандуулж байхад бид сэтгүүл зүйн буюу мэргэжлийн түвшний мэдээллийн тогтолцоо, төлөвшин тогтсон соёлыг аль нь үнэн, аль нь худлаа нь мэдэгдэхгүй, ялган тогтоох боломжгүй "нийгмийн сүлжээ”-ний мэдээллийн урсгалтай хээв нэг адилтган хольж хутгаад сууж байж таарахгүй л дээ. Зарим маань тэнд л "би сэтгүүлч, ажлаа хийж байна” бололтой юм яриад л "уралцаад” байна. Үнэндээ бол нөгөө юу гэдэг билээ, гариг андуурч байгаа хэрэг юм, олон нийтийн мэдээллийн хэрэгслэл, "нийгмийн сүлжээ” эрс ялгаатай, тус тусын чиг үүрэгтэй, хоёр огт өөр талбар шүү дээ. Тиймээс сэтгүүлчид мэргэжлийн үйл ажиллагаагаа зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр л явуулах нь салбарын эрх ашигт тустай юм.

Олон улсын практикт сэтгүүлч ажлаа сошиал орчинд явуулах, "нийгмийн сүлжээний тоглогч” байхыг цээрлэж, бүр тодорхой дүрэм баримталж байна.Сэтгүүлчдийн энэ байдал нь сэтгүүл зүй, нийгмийн сүлжээний зааг ялгааг бүдгэрүүлж, хэрэглэгчдийг төөрөгдүүлэн улмаар чөлөөт хэвлэлийн үүрэг, үнэ цэнийг бууруулахад хүргэдгийг судлаачид анхааруулдаг. Харин бид тэр бүхнийг ойлгож, тоож байгаа ч юм алга, тоглолтоо үргэлжлүүлсээр л байна.

Чөлөөт хэвлэл, сэтгүүл зүй хэмээх ардчилсан нийгэмд чухал үүрэгтэй энэ өвөрмөц институциэр дамжуулж иргэд "төр гэдэг машин”-д хяналтаа тогтоож, эрх мэдлийг хянаж байх учиртай. Өнөөгийн "нийгмийн сүлжээ”-нд чөлөөт хэвлэлийн энэхүү өвөрмөц хяналтын үүргийг шилжүүлэх, мэргэжлийн түвшний мэдээллийн тогтолцоо сэтгүүл зүйг "нийгмийн сүлжээ”-гээр сольж орлуулах хараахан боломжгүй, үүний нэг гол шалтгаан бол нөгөө л хариуцлагын тухай юм.

Учир нь хэвлэл мэдээллийн редакци, сэтгүүлчдийн үүрдэг, үүрч байх ёстой мэдээллийн хариуцлагаас нийгмийн сүлжээнийхэн үндсэндээ ангид оршдог гэж хэлж болно. Худал хуурмаг мэдээлэл, элдэв хууль бус, ёс зүйгүй байдлаас нь хэрэглэгчид, иргэдээ хамгаалах, цахим орчинд шударга ёс, хуулийн хэрэгжилтийг хангах, хариуцлага тооцох зэрэг чинь үнэндээ бол энэ цаг үеийн зохицуулахад хамгийн бэрхшээлтэй асуудал болчихоод байна.

Эх сурвалж: Өдрийн сонин
Д.Оюунтуяа