Цахим сэтгүүл зүйн II форум: Илүү өндөр түвшинд мэдээлэл бэлтгэн хүргэх шаардлагатай болно

cmj_admin  |   2018-05-11  |   Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл


   Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан "Үндэсний сэтгүүлзүйн шинэ дэвшилтэд хөгжлийн төлөө” үзэл баримтлалын дор "Цахим сэтгүүл зүйн II форум"-ыг зохион байгууллаа. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Монголын Сайтын Холбоо, Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо, Тэргүүлэгч сайтуудын холбоо зэрэг байгууллагууд хамтран 2018 оны 5-р сарын 01-ний өдөр "Цахим сэтгүүл зүйн II форум”-ыг МУИС-ийн номын сангийн Их танхимд зохион байгуулсан юм. 

Тус форумд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга С.Адъяасүрэн болон цахим сэтгүүл зүйн салбарын тэргүүлэгч холбоодын удирдлагууд оролцов. Мөн цахим сэтгүүл зүйн салбарын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцож, цахим сэтгүүл зүйн салбарын цаг үеийн болон тулгамдсан асуудлуудаар санал бодлоо солилцлоо. Форумын үеэр Gogo.mn сайтын Ерөнхий редактор О.Ариунбилэг "Цахим орчин дахь мэргэжлийн сэтгүүлзүйн хөгжил, тулгамдсан асуудал”, МПХҮХ-ны Тэргүүн Ц.Чулуунзагд"Дижитал Шилжилт”, ХХМТГ-ын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Д.Ариунцэцэг "Нийгмийн сүлжээн дэх зохистой хэрэглээг бий болгоход..." илтгэл тавилаа. Форумын үйл ажиллагаа "Нийгмийн сүлжээн дэх зохистой хэрэглээг бий болгох нь”, "Цахим орчин дахь зохиогчийн эрхийн асуудал” зэрэг олон сэдвийн хүрээнд мэргэжлийн байгууллагуудаас тавих илтгэл, хэлэлцүүлгээр үргэлжлэв.

"Монгол Улсын хэмжээнд нийт 350 хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдгаас 89 нь сонин, 80 гаруй нь сэтгүүл эмхтгэл мөн 100 орчим мэдээллийн сайтууд энэ салбарт үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн Монгол Улс нь 2018 оны 1-р улирлын байдлаар нийгмийн мэдээллийн сүлжээнд бүртгэлтэй 2,1 сая хэрэглэгч, идэвхитэй хэрэглэгч ойролцоогоор 1 сая-д хүрч, тэдгээр хэрэглэгч нь сард дунджаар 6 коммент бичиж, 18 пост хийж, 11 сурталчилгааны мэдээлэлд хандалт хийдэг судалгаа байна” гэж Харилцаа холбоо мэдээллийн технологийн газраас мэдээлэл хийсэн юм.

Мөн Монгол Улсын Засгийн газраас "Монгол контент бүтээгчдийг дэмжих бодлого баримтална” гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд "Тоон контентийн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр боловсруулан, үндэсний тоон контент бүтээгчдээ дэмжих, оюуны өмчийг нь хамгаалах эрх зүйн зохицуулалтыг сайжруулахаар ажиллаж байгааг Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат цахим сэтгүүлзүйн форумын нээлтэнд хэлсэн үгэндээ онцоллоо.


Редакцгүй сайтуудын дийлэнх нь оюуны өмчийн зөрчил гаргадаг

Цахим сэтгүүл зүйнь мэдээ, мэдээллийг орон зай, цаг хугацаанаас үл хамааран хурдан, шуурхай дамжуулж мөн иргэн өөрийн санаа бодлыг хялбар, чөлөөтэй, нээлттэй илэрхийлж бусдад түгээх боломжийг олгож байгаа нь сайшаалтай ч үүнийгээ дагаад оюуны өмчийн хулгай, мэдээллийн чанарын асуудалд анхаарах шаардлагатайг оролцогчид онцоллоо.

Gogo.mn сайтын Ерөнхий редактор О.Ариунбилэг "Цахим орчин дахь мэргэжлийн сэтгүүлзүйн хөгжил, тулгамдсан асуудал” илтгэлдээ дурдаснаар, цахим мэдээллийн сайтуудыг редакцтай болон редакцгүй гэж хоёр хуваасан байна. Редакцгүй сайтуудын дийлэнх нь сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулдаггүй, хямд үнээр бизнес эрхэлж, их ашиг олохыг хичээдэг, хандалт авахын тулд юу ч хамаагүй цацдаг, оюуны өмчийн зөрчил гаргадаг, үүрэг, хариуцлага хүлээдэггүй зэрэг дутагдалтай байдаг байна.

Редакцтай сайтуудын хувьд олонх нь туршлагагүй сэтгүүлчидтэй, мэргэжлээрээ ахиж дэвших боломжгүй байгааг илтгэгч онцоллоо.

О.Ариунбилэг "Үнэхээр чанартай мэдээ мэдээлэл, анализ, тойм бичдэг бол цаашдаа бид уншигчдаа хоёр хэсэгт хуваах болов уу. Төлбөртэй мэдээлэл хүлээн авагч буюу тэдэнд илүү өндөр түвшинд мэдээлэл бэлтгэн хүргэх шаардлагатай болно. Сэтгүүл зүйн ирээдүй бол хамтын ажиллагаа юм. Хэвлэл мэдээллийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа, мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагаа, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагаа байх болно” гэсэн юм.

"Нийгмийн мэдээллийн сүлжээ ба сэтгүүл зүй” сэдвээр Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал M.Мөнхмандах илтгэл тавьсан. Цахим хэвлэл мэдээллийн байгууллага хөгжихийн хэрээр эерэг ба сөрөг хоёр тал бий болж буйг тэрээр тайлбарлалаа. Цахим мэдээллийн хэрэгсэл бий болсноор зардал бага зарцуулах, мэдээлэл авах хурд, мэдээллийн хэмжээ, цар хүрээ нэмэгдэж, олон хэлбэрээр, олон сувагаар мэдээлэл олж авч, хараат бус байдал нэмэгдэж байгаа ч сөрөг зүйлүүд олон гарч байгаа гэсэн юм.

Тухайлбал, мэргэжлийн стандарт дулимаг болж, редакторлох, нягтлан шалгах үйл явц сул болж, хуурамч өнгөц мэдээлэл тархах, уншигчдын итгэл үнэмшил сулрах зэрэг сөрөг нөлөөтэй байгааг онцолж байна.

Цахим сэтгүүл зүйн форум хоёр дахь удаагаа зохион байгуулагдлаа.  

 

МСНЭ-ийн Ажлын алба