Редакторуудын улсын зөвлөгөөн: Сэтгүүлчид монгол хэлний арвин баялаг үгсээ ашиглах нь ховор болсон

cmj_admin  |   2018-05-15  |   Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл


   Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан "Редакторуудын улсын зөвлөгөөн”-ийг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс зохион байгуулсан. Зөвлөгөөнд Улаанбаатар хот болон 21 аймгийн төлөөлөл болсон редакторууд оролцсон юм. "Монгол хэлний найруулгад үгсийн сангийн баялгийг ашиглах нь” сэдвээр Монгол Улсын ардын багш, Шинжлэх ухааны Гавьяат ажилтан С.Дулам, "Өнөөгийн хэвлэл мэдээллийн хэл найруулгын зарим гажуудалХарьжсан загварлаг бүтцээс Монгол хэлний сэтгэлгээ рүү” сэдвээр Монгол хэл бичиг судлаач багш Б.Элбэгзаяа, МУБИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн Захирал Доктор,ПрофессорЖ.Батбаатар "Сэтгүүлзүйн хэл түүний онцлог, зарчмууд” сэдвээр тус тус илтгэл тавьсан.

 

    Доктор,ПрофессорЖ.Батбаатар "Чөлөөт хэвлэлийн хэл гэдэг нь миний бодож санаж байгаагаас илүүтэй түүнд тавигддаг шаардлага, зарчмуудтай нийцэж байх учиртай. Сэтгүүлзүй гэдэг бүхэлдээ тодорхой хэм хэмжээнд тулгуурласан, мөн тодорхой хэмжээнд стандартчилагдсан үйл ажиллагаа. Тиймээс хэвлэл, мэдээллийн хэлний хэм хэмжээний тухай, тодорхой зааг хязгаарын тухай зайлшгүй ярьдаг. Ер нь бүх төрлийн бичвэрийг хоёр төрөлд хувааж үздэг. Үүнд уран сайхны буюу уран сайхны бус гэсэн хоёр хэл байна. Уран сайхны бус гэдэгт сэтгүүл зүй хамаардаг. Яагаад гэвэл, сэтгүүлзүй "баримт, баримт, бас дахин баримт” гэсэн зарчимд тулгуурлаж бүтдэг үйл ажиллагаа. Үүнийг баримтад тулгуурласан харилцаа юм гэж болно. Сэтгүүлзүй, түүний бүтээгдэхүүн, тэрийг бүтээж буй хэл найруулга, бичвэрүүдийг бүхэлд нь ингэж тодорхойлдог. Нөгөө талаас, тодорхой дүрэм журамд захирагдаж явдаг үйл ажиллагаа. Өөрөөр хэлбэл, чөлөөт сэтгэлгээнээс ангид хэрнээ уран сайхны бус бичлэгийн төрөлд хамаарна. Баримтад тулгуурласан харилцаа, энэ утгаар авч үзвэл сэтгүүлзүйг ерөнхийд нь загварт бичлэг гэж хэлж болно. Уран сайхны төрөл жанраар бичигддэг бичлэгүүдээс огт өөр зүйл” хэмээн илтгэлдээ дурдсан юм. 

   Харин Ерөнхийлөг­чийн дэргэдэх хэлний бодлогын зөвлөлийн төлөөллүүд "Зөв би­чих дүр­мийн толь”-ийг шинээр гаргах гэж бай­гаагаа энэ үеэр мэдээлсэн. Хэл шинжлэлийн салбар, хэлний зөвлөлийн чиг үүрэг, монгол хэлний хуулиар хэвлэл, мэдээллийн байгууллагын хүлээх үүрэг, Ц.Дамдин­сүрэнгийн толиос хойш монгол хэлний толь гараагүй байсан учир шинээр журамласан толь хийж байгааг тэд онцолж байлаа.

    Мөн зөвлөгөөний үеэр, шинэ залуу сэтгүүлчдийн түгээмэл гаргадаг алдаа, дутагдлыг арилгаж, ур чадварыг ахиулахын төлөө ажиллах ёстой. Сүүлийн үеийн сэтгүүлчид эх болсон монгол хэлний арвин баялаг үгсээ ашиглах нь ховор, цөөн хэдэн албаны үгсийг ашиглаж, нэгэн хэв, загварт баригдаж байгааг нэн түрүүнд засах хэрэгтэй гэж оролцогчид онцолсон юм. Сэтгүүлчид тал бүрийн мэдлэгтэй байж, бичвэрийн ур чадвараа сайжруулж, нэгэн хэвийн загвараас зайлсхийх шаардлагатайг ахмад үеийнхэн онцоллоо. 


Зөвлөгөөний үеэр Zarig.mn сайтын хийсэн видео сурвалжлагыг хүргэж байна. 

 

МСНЭ-ийн Ажлын алба