ЭМГЭНЭЛ

Лхамсүрэнжавын Ганзул ( 1979-2018 )

Авьяаслаг сэтгүүлч, яруу найрагч Лхамсүрэнжавын Ганзул цэл залуухан, ид хийж бүтээх насан дээрээ хорвоогийн мөнх бусыг үзэж, Монголын сэтгүүл зүй, утга зохиолын салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.

Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, яруу найрагч Л.Ганзул 1979 онд Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн. Баян-Агт сумын 8 жилийн дунд сургууль, Булган сумын 10 жилийн сургууль, Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг тус тус төгссөн. Ажлын гараагаа “Улаанбаатар таймс” сониноос эхэлж, Улаанбаатар төмөр замын “Ган зам” сонин, “Шинэ Монгол” радио, Монголын Үндэсний олон нийтийн радиогийн Уран зохиолын редакци, Зиндаа.мн сайт, “Зиндаа” сэтгүүлд сэтгүүлч, тоймчоор ажиллаж байсан авьяаслаг сэтгүүлч байлаа.

Л.Ганзул “Нэгэн цагийн галбир”, “Сэтгэл бүрдийн тойром”, “Улирлын гүн” яруу найргийн ном хэвлүүлжээ. Мөн "Болор цом” яруу найргийн наадмын тусгай байрын гурван удаагийн шагнал, “Цагаан уул”, “Ган үзэг” зэрэг яруу найргийн наадмын тэргүүн байрыг эзэлж байсан. 

Түүний Монголын утга зохиол, сэтгүүл зүйд бүтээсэн бүтээлийг төр засгаас болон мэргэжлийн байгууллагуудаас үнэлж, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнасан бөгөөд Монголын Зохиолчдын эвлэлийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагнал, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн "Ган үзэг", "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан" цол, тэмдэг, шагнал хүртээжээ.

Бидний үзэг нэгт журмын нөхөр Л.Ганзулын  эгэл даруухан гэгээн дүр, авьяас билиг, хүнлэг сайхан сэтгэл, шударга үнэнч зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.

Ум сайн амгалан болтугай

                                                                              МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

Сүүлд нэмэгдсэн мэдээ