Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл нь 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр болсон XVII  Их хурлаараа дүрмэндээ өөрчлөлт оруулж, удирдлага, бүтцээ шинэчлэн баталсан билээ. Шинэ удирдлагын баг сэтгүүлчдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, өргөжүүлэх зорилгоор “Үндэсний сэтгүүлзүйн шинэ дэвшилтэд хөгжлийн төлөө” үзэл баримтлалын хүрээнд олон ажлуудыг хийж хэрэгжүүлсээр байна. Тухайлбал,  “Сэтгүүлчид ба Элчин сайдууд” уулзалт, “Мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөрийн нээлт”-ийн арга хэмжээг зохион байгуулж “Хараат бус сэтгүүл зүйн үндэсний форум”, “Цахим сэтгүүл зүйн II форум”, “Төсөл хөтөлбөр, маркетинг, бизнес төлөвлөгөө боловсруулах арга зүй”, “Редакторуудын анхдугаар форум”, Орон нутгийн сэтгүүлчдийн бүсчилсэн сургалт, Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн IX форумыг амжилттай зохион байгуулж, улмаар “Сэтгүүлч ордон”-ыг нийслэлд, “Сэтгүүлч өргөө”-г орон нутгийн салбар зөвлөлд барих төсөл, 1000 сэтгүүлчийг орон сууцжуулах хөтөлбөрийг амжилттай эхлүүлээд байна.

Цаашид сэтгүүл зүйн салбарын мэргэжлийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, гадаад харилцааг тэлэх бодлогыг тууштай барин ажиллахаар төлөвлөж байгаа аж.

Түүнчлэн МСНЭ 2018 оны амжилт, бүтээлээ дүгнэж шилдгүүдийг шалгаруулан алдаршуулах “Ган үзэг-2018” оны тэргүүн наадмыг 2018 оны 12 дугаар сарын 9-ний өдөр “Crocus Event Hall”-д зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орон ажиллаж байна. Энэхүү наадамд 100 гаруй хэвлэл мэдээллийн 400 гаруй сэтгүүлч, уран бүтээлчид оролцох юм.

“Ган үзэг 2018” наадмын шагналын сан 99 сая төгрөг байх бөгөөд “Шилдэг сэтгүүлч”, "Шилдэг редактор”, “Орон нутгийн шилдгүүд”, "Шилдэг бүтээл”, "Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн номинациудад нийт 28 төрөлд нэр дэвшүүлэн, шалгаруулах юм.

            Нэр дэвшсэн бүтээл, сэтгүүлч, ажилтан, байгууллагын шалгаруулалтыг мэргэжлийн экспертүүдийн санал дүгнэлт 40 хувь, олон нийтийн цахим санал асуулга 30 хувь, МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн санал 30 хувь байхаар шийдвэрлэсэн бөгөөд 12 дугаар сарын 01 хүртэл нэр дэвшүүлсэн материалыг хүлээн авахаар тов гаргажээ. 


Сүүлд нэмэгдсэн мэдээ