МСНЭ-ийн дүрэм 2018.02.08

2018 оны 2-р сарын 08-нд МСНЭ-ийн

XVII их хурлаар хэлэлцэж батлав.

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл/цаашид МСНЭ гэх/нь сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоодын сайн дураараа эвлэлдэн нэгдсэн гишүүнчлэл бүхий төрийн бус, үндэсний хэмжээний мэргэжлийн төв байгууллага мөн.

1.2.МСНЭ нь Олон улсын сэтгүүлчдийн үзэл баримтлал, Монгол Улсын Үндсэн Хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль болон бусад хууль тогтоомж, оюуны бүтээл, зохиогчийн эрхийн эрх зүйн харилцааны үндсэнзарчим, өөрийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулах хуулийн этгээд мөн.

1.3.МСНЭ нь гишүүдийнхээ мэргэжлийн бүхий л эрх ашгийг хамгаалах төдийгүй тэдгээрийн мэргэжил, мэдлэгийг чадавхижуулан хөгжүүлэх, санхүүгийн чадамжийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, гадаад харилцааг нь тал бүрээр хөгжүүлэх, гадаад дотоодын төсөл хөтөлбөрт хамруулахыг үйл ажиллагааны зорилгоо болгоно.

1.4.МСНЭ нь сэтгүүл зүйн салбар, хэвлэл мэдээллийн бүхий л байгууллага, ивээн тэтгэгчид, хамтран ажиллагч бусад байгууллагуудтай хууль ёс, эв эе, найрсаг дотно хамтын ажиллагааг эрхэмлэн ажиллана.

1.5.МСНЭ-ийн дүрэм нь тус байгууллагын үйл ажиллагааг зохицуулж буй эрх зүйн үндсэн баримт бичиг болно.

1.6 МСНЭ нь хэвлэл, мэдээллийн эрх, эрх чөлөөг эрхэмлэн олон эшт үзэл, ардчилсан нэгдлийн зарчмыг үндэс болгож аливаа улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөн, бүлгийн сонирхлоос хараат бусаар үйл ажиллагаа явуулна. МСНЭ-ийн Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч нар нам бус иргэд байна.

1.7.МСНЭ нь өөрийн туг, тэмдэг, бэлгэдэл, сүлд дуутай байна.

1.8.МСНЭ нь өөрийн тамга, бичгийн хэвлэмэл хуудастай байна.

1.9.МСНЭ нь өөрийн шагналтай байна.Шагнал урамшуулал олгох журмыг МСНЭ-ийн Бага хурлаас тогтооно.

1.10.МСНЭ-ийн төвбайгууллага нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байна.

1.11.МСНЭ-ийн хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 7-р хороолол. 11-р хороо. Ногоон нуурын гудамж-101. Pro one оффис. 503 тоот. Утас: 330948.

ХОЁР. МСНЭ-ИЙН ҮНЭТ ЗҮЙЛС

 

2.1. Оноосон ба товчилсон нэр: Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, МСНЭ

2.2. Үүсгэн байгуулсан он, сар, өдөр: 1951 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр

2.3. МСНЭ-ийн гишүүдийн нэр төр, түүний уран бүтээлийн өв, оюуны өмч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн редакцийн халдашгүй дархан байдал.

2.4. МСНЭ-ийн түүх, архив.

2.5. МСНЭ-ийн түүхийн явцад нэршиж байсан Монголын сэтгүүлчдийн холбоо /МСХ/, Монголын сэтгүүлчдийн эвлэл /МСЭ/, Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэл /МЧАСЭ/ гэх нэр, түүний товчлол.

2.6. МСНЭ-ийн лого, сүлд дуу.

2.7. МСНЭ-ийн үнэт зүйлст Их хурлаас бусад цагт тус эвлэлийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах замаар халдаж үл болно.

 

ГУРАВ. МСНЭ-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛ

 

3.1. МСНЭ-ийн гишүүнчлэл нь гишүүн, гишүүн байгууллага, хүндэт гишүүн гэсэн гурван төрөлтэй байна.

3.2. МСНЭ-ийн дүрмийг хүлээн зөвшөөрч элссэ нмэргэжлийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсад, чөлөөт сэтгүүлч, нийтлэлчдийг МСНЭ-ийн гишүүн гэнэ.

3.3. МСНЭ-ийн дүрмийг хүлээн зөвшөөрч элссэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэргэжлийн холбоодыг МСНЭ-ийн гишүүн байгууллага гэнэ. Гишүүн байгууллага нь МСНЭ-ийн үйл ажиллагаанд оролцохдоо өөрийн шууд томилсон итгэмжлэгдсэн албан тушаалтнаар дамжуулан оролцох бөгөөд түүнийг эргүүлэн татах, өөр албан тушаалтнаар солих эрх нь гишүүн байгууллагад хадгалагдана.

3.4. Монголын сэтгүүл зүйг хөгжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан гадаад, дотоодын иргэд, байгууллагыг Хүндэт гишүүнээр элсүүлж болно. Хүндэт гишүүн нь МСНЭ-ийн аливаа түвшний удирдлагын сонгуульд оролцох эрхгүй байна. Хүндэт гишүүдийг Хүндэт гишүүн, Хүндэт гишүүн байгууллага гэж нэрлэнэ.

3.5. МСНЭ-ийн гишүүн байгууллагын итгэмжлэгдсэн албан тушаалтны үйл ажиллагаанаас үүссэн аливаа асуудалд гишүүн байгууллага давхар хариуцлага хүлээнэ.

3.6. Бага хурлын тогтоолоор батлагдсан "МСНЭ-д гишүүн элсүүлэх журам”-аар гишүүнчлэлийнасуудлыг зохицуулна. Тэрхүү журамд МСНЭ-ийн дүрэмд орсон заалтуудыг удирдлага болгоно.

3.7. МСНЭ-д гишүүнээр элсэхийг хүссэн хүсэлтийн дагуу анхан шатны салбар зөвлөлд элсүүлнэ. Шаардлагатай тохиолдолд МСНЭ-ийн төв байгууллага гишүүн элсүүлж болно.

3.8. МСНЭ-ийн дүрмийн заалтыг зөрчсөн этгээдэд сануулах, гишүүнчлэлээс түр хугацаанд түдгэлзүүлэх, гишүүнээс хасах гэсэн арга хэмжээ авна.

3.9. МСНЭ-ийн гишүүнийг дүрэм зөрчсөн гэж үзсэн этгээд Хяналтын зөвлөлд бичгээр гомдол, санал гаргана. Хяналтын зөвлөлийн албан ёсны хурлаар гомдол, саналыг хэлэлцэж, дүрэм зөрчсөн эсэх талаар дүгнэлт гарган Удирдах зөвлөлд хүргүүлнэ. Дүрмийн дагуу хуралдсан Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тухайн гишүүнд арга хэмжээ авах эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

3.10. МСНЭ-ийн гишүүний аливаа асуудлаар Удирдах зөвлөл эцсийн шийдвэр гаргана.

а/ МСНЭ-ийн гишүүний эрх

3.11. МСНЭ-ийн удирдах дээд байгууллагыг сонгох, түүнд сонгогдох. Гишүүн байгууллага нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан оролцоно.

3.12. Өөрийн нэр төр, бүтээлийн өв, зохиогчийн эрх, мэргэжлийн үйл ажиллагаа, редакцийн халдашгүй дархан байдал, хэвлэл мэдээллийн салбараас олж буй хууль ёсны ашиг орлого, хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа, ажилтнуудынхаа эрх ашгийг хамгаалуулах;

3.13.Бүтээл туурвил, мэргэжлийнхээ үйл ажиллагааг үнэлүүлж дүгнүүлэх, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх сургалтад хамрагдах, шагнал урамшуулалд нэр дэвшүүлэх, аливаа төсөл хөтөлбөрт хамрагдах, төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх;

3.14. МСНЭ-ийн гишүүнээс өөрийн хүсэлтээр гарах.

б/ МСНЭ-ийн гишүүний үүрэг

3.15. Олон нийтийн мэдээллийн мэргэжлийн хэм хэмжээг баримтлах

3.16. МСНЭ, сэтгүүлзүйн эрхэм дээд эрх ашгийг хамгаалах

3.17. Залгамж үеэ бэлтгэх

3.18. МСНЭ-ийн үйл ажиллагаанд өөрийн санаачлагаар идэвхтэй оролцох

3.19. Гишүүний татвараа хугацаанд нь төлөх

3.20. Сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн сахих

3.21. Гишүүн байгууллагын ажилтнууд нь хууль, МСНЭ-ийн дүрмийг биелүүлж ажиллах

3.22. Гишүүн байгууллага нь сэтгүүлчид, ажилтнуудынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллах

3.23. Нийт гишүүдийнхээ эрх ашгийг хүндэтгэж ажиллах

 

ДӨРӨВ. МСНЭ-ИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

4.1. МСНЭ-ийн зохион байгуулалтын бүтэц нь Их хурал, Бага хурал, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Мэргэжлийн төвүүд гэсэн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрдэнэ.

а/ МСНЭ-ийн Их хурал

4.2. МСНЭ-ийн эрх барих дээд байгууллага нь Их хурал байна.

4.3. Их хурал нь 4 жил тутамд хуралдана.

4.4. Их хурлын төлөөлөгч нь МСНЭ-ийн Мэргэжлийн төвүүдээр дамжин сонгогдоно. Төлөөлөгч сонгох журмыг Бага хурлаас өгсөн чиглэлийн дагуу Удирдах зөвлөл тогтооно.

4.5. Их хурлыг 30 хоногийн өмнө Бага хурал товлон зарлана.

4.6. Их хурал нь дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

4.6.1. МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн сонгуульт хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцэх, сэтгүүлзүйн салбарын хэтийн болон ээлжит зорилт, байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлох,

4.6.2. МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн тайланг хэлэлцэх,

4.6.3. МСНЭ-ийн дүрэм батлах, түүнд шинэчилсэн найруулга, нэмэлт, өөрчлөлт оруулах,

4.6.4. МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх,

4.6.5. МСНЭ-ийн Бага хурлын гишүүдийг сонгох, чөлөөлөх,

4.6.6. МСНЭ-ийнХяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх,

4.7. Их хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

4.7.1. МСНЭ-ийн үнэт зүйлсийг хамгаалах, шинээр томъёолох

4.7.2. МСНЭ-ийн үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах асуудлыг шийдвэрлэх

4.7.3. МСНЭ-ийг өөрчлөн байгуулах, татан буулгах,

4.8.Их Хурлыг төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон тохиолдолд хүчинтэйд тооцно.

4.9. Хэлэлцэжбуй асуудлын талаархи шийдвэрийг төлөөлөгчдийн ердийн олонхийн саналаар батална. Санал тэнцвэл дахин санал хураалт явуулах бөгөөд хоёр буюу түүнээс дээш удаа санал тэнцвэл Их хурлын тэргүүлэгчдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

4.10. Хүн сонгох, чөлөөлөхтэй холбоотой аливаа санал хураалтыг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.

4.11. Бага хурлын гишүүдийн гуравны хоёроос дээш хувийн саналаар ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулж болно.

 

б/ МСНЭ-ийнБага хурал

4.12. МСНЭ-ийн Бага хурал нь Их хурлын хооронд тус эвлэлийн үйл ажиллагааг удирдах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

4.13. Салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөрийг гаргаж, нээлттэй, ил тод хэрэгжүүлнэ.

4.14. Бага хурал нь61 гишүүнээс бүрдэнэ.

4.15. МСНЭ-ийн Бага хурлын гишүүдийг зургаан мэргэжлийн төвөөс тус бүр есөн хүн, Ерөнхийлөгч болон түүний нэр дэвшүүлснээр Мэргэжлийн ёсзүй хариуцсан Дэд ерөнхийлөгч, Төсөл хөтөлбөр хариуцсан Дэд ерөнхийлөгч, мөн 4 хүнийг Их хурлаас сонгоно.

4.16. Бага хурал жилд хоёроос доошгүй удаа хуралдана.

4.17. Бага хурлын гишүүдээс Дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгоно.

4.18. Бага хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

4.18.1. МСНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч нарыг сонгох, чөлөөлөх

4.18.2. МСНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч нарын ажлын тайланг хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт гаргах

4.18.3. МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх

4.18.4. МСНЭ-ийн Бага хурлын гишүүнийг Бага хурлын гишүүдийн гуравны хоёроос дээш хувийн саналаар чөлөөлөх, сонгох

4.18.5. МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн ажлын тайланг хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт гаргах

4.18.6. МСНЭ-ийн ээлжит Их хурлын товыг дүрмийн дагуу 30 хоногийн өмнө зарлах

4.18.7. МСНЭ-ийн ээлжит бус Их хурлыг Бага хурлын гишүүдийн гуравны хоёроос дээш хувийн саналаар зарлан хуралдуулах

4.18.8. МСНЭ-ийн дүрмэнд /дүрмийн хоёрдугаар бүлгийн 2.7 дахь зүйлд зааснаас бусад хэсэгт/ 20 хувь хүртэл нэмэлт өөрчлөлт оруулах

4.18.9. МСНЭ-ийн Ерөнхий журам, салбар журмуудыг дүрмэнд нийцүүлэн боловсруулах, батлах, нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх

 

в/ МСНЭ-ийн Удирдах зөвлөл

4.19. Удирдах зөвлөл нь МСНЭ-ийн өдөр тутмын байнгын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах хамтын удирдлагын байгууллага мөн.

4.20. Удирдах зөвлөл нь 15 гишүүнтэй байна. Удирдах зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгч, Мэргэжлийн төвийн дарга буюу Дэд Ерөнхийлөгч, Мэргэжлийн ёс зүй хариуцсан Дэд ерөнхийлөгч, Төсөл хөтөлбөр хариуцсан Дэд ерөнхийлөгч нар Удирдах зөвлөлд квотоор сонгогдоно. Мэргэжлийн үндсэн 6 төвөөс нэг нэг гишүүнийг Удирдах зөвлөлийн гишүүнд санал болгож Бага хурлаар сонгоно.

4.21.Удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.

4.22.Удирдах зөвлөлийг Удирдах зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгч удирдана.

4.23.Удирдах зөвлөлийн гишүүн нь Гүйцэтгэх захирлын албан тушаалыг давхар хашиж болохгүй.

4.24.Удирдах зөвлөлийн гишүүнийг Удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос дээш хувийн саналаар огцруулж болно.

4.25.Удирдах зөвлөлийн гишүүнийг огцруулсан бол Бага хурлаар орны хүнийг дүрмийн дагуу сонгоно.

4.26. Удирдах зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

4.26.1. Дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүд, Ажлын алба, Мэргэжлийн төвийн тайланг хэлэлцэх

4.26.2. Байгууллагын жилийн төсөв батлах, биелэлтийг хангах

4.26.3. Ажлын албаны бүтэц, орон тоог батлах, өөрчлөх

4.26.4. Ажлын алба болон мэргэжлийн төвүүдийн үйл ажиллагааны чиг үүргийг тодорхойлох, ажлын уялдаа холбоог хангах, ажил үүргийн хуваарийг тогтоон мөрдүүлэх.

4.26.5. Байгууллагын үл хөдлөхөөс бусад өмч хөрөнгийг захиран зарцуулах Гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтоох

4.26.6. Байгууллагын ажлын албаны бүтэц зохион байгуулапт, түүний төсвийг батлах,

4.26.7. МСНЭ-д дүрмийн хүрээнд гишүүнээр элсэх өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэх,

4.26.8. МСНЭ-ийн гишүүнийг байгууллагын болон төр засгийн дээд шагналд тодорхойлох.

4.27. Удирдах зөвлөлийн хурлыг жилд 4-өөс доошгүй удаа хийнэ.

4.27.1. Удирдах зөвлөлийн хурлын ирц 50-иас дээш хувь байвал хүчинтэйд тооцно.

4.27.2. Удирдах зөвлөлийн гишүүд аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй байна. Удирдах зөвлөлийн гишүүдийн ердийн олонхийн зөвшөөрсөн шийдвэрийг хүчинтэйд тооцно.

4.27.3. Удирдах зөвлөл нь хувь хүний асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураах зарчмаар шийдвэрлэнэ. Тухайн асуудлаар ил ба нууц санал хураах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно. Санал тэнцсэн тохиолдолд хуралдааны даргын саналаар эцэслэн шийдвэрлэнэ.

4.27.4. Удирдах зөвлөлөөс томилогдсон албан тушаалтныг чөлөөлөх, огцруулах тохиолдолд өөрийг нь байлцуулж шийдвэр гаргана,

4.27.5. Удирдах зөвлөлийн хурлын явцыг протоколд тэмдэглэх бөгөөд Удирдах зөвлөлийн шийдвэр, тогтоол гаргаж, Удирдах зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгч гарын үсэг зуран баталгаажуулна.

4.28. Удирдах зөвлөлийн гишүүнийг дараах тохиолдолд бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно. Үүнд:

4.28.1. Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн таслан шийдвэрлэх хурлаар тогтоогдсон,

4.28.2. Нэг жилээс дээш хугацаагаар гадаадад ажиллах, амьдрах болсон,

4.28.3. Үүрэгт ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн талаар Удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос дээш санал гаргавал хэлэлцэж шийдвэрлэнэ.

4.28.4. Өөрийн хүсэлтээр.

4.28.5. Дүрмийн бусад хэсэгт заасны дагуу.

4.29. Удирдах зөвлөл нь Сэтгүүлзүйн хөгжлийн сан бүрдүүлэн ажиллаж болно.

4.30. Удирдах зөвлөл нь Сэтгүүлзүйн хөгжлийн сангаас гишүүдэд төсөл хөтөлбөр сонгон шалгаруулах замаар санхүүжилт олгох, гишүүдийг дэмжих, сангийн хөрөнгийг дүрмийн хүрээнд нэмэгдүүлэх эрхтэй.

4.31. Удирдах зөвлөл нь Бага хурлын товыг тогтоож, хуанлийн 14 хоногийн өмнө зарлана. Удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос дээш хувийн саналаар ээлжит бус Бага хурлыг зарлан хуралдуулж болно.

4.32. Удирдах зөвлөлийн дарга, гишүүний хууль бус үйл ажиллагааны улмаас иргэд, байгууллагад учирсан хохирол, түүнээс үүсэх хариуцлагыг МСНЭ хүлээхгүй.

4.33. МСНЭ хүндэт Ерөнхийлөгчтэй байж болно. Хүндэт Ерөнхийлөгчийг Удирдах зөвлөлөөс 4 жилийн хугацаатай нэг удаа сонгоно.

г/ Мэргэжлийн төв

4.34. МСНЭ-ийн үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн нэгж нь Мэргэжлийн төв байна.

4.35. Мэргэжлийн төв ньТелевизийн Мэргэжлийн төв, Радиогийн Мэргэжлийн төв, Сонин, сэтгүүлийн Мэргэжлийн төв, Цахим сэтгүүлзүйн Мэргэжлийн төв, Сургалт, судалгааны Мэргэжлийн Төв, Орон нутгийн асуудал эрхэлсэн мэргэжлийн төв гэсэн үндсэн зургаан салбар нэгжээс бүрдэнэ.

4.36. МСНЭ-ийн гишүүд аль нэг төвд харъяалагдана.

4.37. Мэргэжлийн төв нь 9 тэргүүлэгч гишүүнтэй байх бөгөөд тэргүүлэгч гишүүдийг мэргэжлийн төвийн нийт гишүүдийн хурлаас олонхийн саналаар сонгоно.

4.38. Мэргэжлийн төвийн даргыг тэргүүлэгчдийн хурлын олонхийн саналаар сонгоно.

4.39. Мэргэжлийн төвийг Ерөнхийлөгч ерөнхий удирдлагаар, Мэргэжлийн төвийн дарга мэргэжлийн удирдлагаар, Гүйцэтгэх захирал өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллана.

4.40. Мэргэжлийн төвийн даргыг чөлөөлөх саналыг Ерөнхийлөгч, Мэргэжлийн төвийн тэргүүлэгчдийн ердийн олонхийн саналаар гаргаж болно.

4.41. Мэргэжлийн төвийн даргыг чөлөөлөх санал гарсан бол Бага хурлаар хэлэлцэж хуралдаанд оролцсон бага хурлын гишүүдийн олонх дэмжсэн нөхцөлд чөлөөлнө.

4.42. Мэргэжлийн төвийн даргыг чөлөөлсөн нөхцөлд орны хүнийг Бага хурлаас дүрмийн дагуу сонгоно.

4.43. Мэргэжлийн төвийн бүх гишүүдийн хурлыг Ерөнхийлөгч, Мэргэжлийн төвийн дарга, Гүйцэтгэх захирал эсвэл Мэргэжлийн төвийн бүх гишүүдийн гуравны хоёрын саналаар зарлан хуралдуулж болно.

4.44. Мэргэжлийн төв дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

4.44.1. Удирдах зөвлөл дэх өөрийн төлөөллөөр дамжуулан бодлогоо хэрэгжүүлэх.

4.44.2. Сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн тухайн салбарын хөгжлийн асуудлаар бодлого боловсруулж дээд шатны байгууллагуудад уламжилж шийдвэрлүүлэх, Гүйцэтгэх захирал буюу Ерөнхий нарийн бичгийн даргаар дамжуулан өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох, ажлын албаны үйл ажиллагаанд бодлого, шийдвэрээ тусгаж ажиллах.

4.44.3. МСНЭ-ийн болон төр, засгийн шагналд нэр дэвшигчдийн талаар Мэргэжлийн төвийн даргаараа дамжуулан Удирдах зөвлөлд уламжлах.

4.44.4. Мэргэжлийн төв нь улирал тутамд хуралдаж хуралдааны тэмдэглэл хөтөлж

шийдвэрийг төлөөллөөрөө дамжуулан Удирдах зөвлөлд уламжилна.

4.44.5. Мэргэжлийн төвийн тэргүүлэгч чөлөөлөгдсөн, огцорсон болон бусад шалтгаанаар орон гарсан бол Мэргэжлийн төвийн нийт гишүүдийн хурлыг зарлан хуралдуулж, дараагийн тэргүүлэгчийг Мэргэжлийн төвийн гишүүд дундаас дүрмийн дагуу нэр дэвшүүлж хуралдаанд оролцсон Мэргэжлийн төвийн гишүүдийн олонхийн саналаар сонгоно.

д/ МСНЭ-ийн Ерөнхийлөгч, түүний бүрэн эрх

4.45. МСНЭ-ийн Ерөнхийлөгч буюу Удирдах зөвлөлийн дарга нь Их хурлаас сонгогдоно.

4.46. МСНЭ-ийн Ерөнхийлөгч буюу Удирдах зөвлөлийн дарга нь Их хурал, Бага хуралд ажлаа тайлагнана.

4.47. МСНЭ-ийн Ерөнхийлөгч буюу Удирдах зөвлөлийн дарга нь байгууллагын удирдлагын тогтолцооны нэгдмэл байдлыг хангаж ажиллана.

4.48. МСНЭ-ийн Ерөнхийлөгч буюу Удирдах зөвлөлийн дарга нь ээлжит бус Бага хурлыг зарлан хуралдуулах эрх эдэлнэ.

4.49. МСНЭ-ийн Ерөнхийлөгч буюу Удирдах зөвлөлийн дарга нь МСНЭ-ийн Удирдах зөвлөлийг шууд удирдлагаар хангана.

4.50. МСНЭ-ийн Ерөнхийлөгч нь ажлын албыг цомхотгох, өргөтгөх саналыг Удирдах зөвлөлд оруулж шийдвэрлүүлэх эрхтэй.

4.51. МСНЭ-ийн Ерөнхийлөгч нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

4.51.1. МСНЭ-ийг гадаад, дотоодод төлөөлөх

4.51.2. Удирдах зөвлөлийн хуралдааныг удирдах

4.51.3. Их хурал, Бага хурал, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг хангах,

4.51.4. Ерөнхийлөгч нь өөрийн эрхлэх ажлын хүрээнд тушаал, шийдвэр гаргана.

4.51.5. Ерөнхийлөгч нь дэргэдээ зөвлөх чиг үүрэг бүхий Бодлогын зөвлөл ажиллуулж болно.

4.52.Ажлын албыг Ерөнхий удирдлагаар хангах, цомхотгох, өргөтгөх

4.53. МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байх ба нэг удаа улиран сонгогдож болно.

е/ МСНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч нар, түүний бүрэн эрх

4.54. МСНЭ нь Телевиз хариуцсан дэд ерөнхийлөгч, Радио хариуцсан дэд ерөнхийлөгч, Сонин, сэтгүүл хариуцсан дэд ерөнхийлөгч, Цахим бодлого хариуцсан дэд ерөнхийлөгч, Сургалт, судалгаа хариуцсан дэд ерөнхийлөгч, Орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч, Мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч, Төсөл хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч гэсэн найман дэд ерөнхийлөгчтэй байна.

4.55. МСНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч нар нь Бага хурлаас сонгогдоно. Мэргэжлийн ёсзүй хариуцсан дэд ерөнхийлөгч, Төсөл хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгчийг МСНЭ-ийн Ерөнхийлөгч санал болгож Бага хурал батална.

4.56. Дэд ерөнхийлөгч нар нь өөрийн хариуцсан чиглэлийн Мэргэжлийн төвийг

удирдлагаар хангаж ажиллана.

4.57. МСНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч нь Удирдах зөвлөлөөс баталсан төсвийг захиран зарцуулна.

4.58.МСНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

4.58.1. Ерөнхийлөгчийн бүрэн эрхэнд халдахгүйгээр өөрийн хариуцсан чиглэлд МСНЭ-ийг төлөөлөх,

4.58.2. Ерөнхийлөгчийн эзгүйд түүний тушаалаар түр орлон гүйцэтгэгчээр ажиллах

4.58.3. Их хурал, Бага хурал, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлөөс гарсан өөрийн хариуцсан чиглэлийн үйл ажиллагаатай холбоотой бодлого, шийдвэрийн биелэлтийг хангах,

4.59. МСНЭ-ийн Дэд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байх ба нэг удаа улиран сонгогдож болно.

ё/ Гүйцэтгэх захирал буюу Ерөнхий нарийн бичгийн даргын бүрэн эрх, хариуцлага

4.60. МСНЭ-ийнГүйцэтгэх захирал буюу Ерөнхий нарийн бичгийн даргыг Ерөнхийлөгч санал болгож, Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар батална.

4.61. МСНЭ-ийнГүйцэтгэх захирал буюу Ерөнхий нарийн бичгийн дарга нь нь орон тооны байна.

4.62. МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал буюу Ерөнхий нарийн бичгийн дарга нь Ажлын албаны бүтэц, бүрэлдэхүүнийг Удирдах зөвлөлд санал болгож батлуулна.

4.63. МСНЭ-ийн Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд МСНЭ-ийн өдөр тутмын үйл ажиллагааг хөтлөн явуулна.

4.64. Бодлогын зөвлөлөөс гаргасан аливаа зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусгаж ажиллана.

4.65. МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал буюу Ерөнхий нарийн бичгийн дарга нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

4.65.1. Ажлын албаны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах,

4.65.2. Удирдах зевлөлөөс тогтоож өгсөн эрх хэмжээний хүрээнд байгууллагын хөрөнгийг захиран зарцуулах

4.65.3.Байгууллагын тамга тэмдэг, гэрчилгээ, дүрмийн эх хувийг хадгалах

4.65.4.Байгууллагыг төлөөлж санхүүгийн аливаа гүйлгээнд нэгдүгээр гарын үсэг зурах

4.65.5.Бүх төрлийн санхүүгийн гүйлгээ, баримт бичигт нэгдүгээр гарын үсэг зурах, гэрээ байгуулах

4.65.6.Жил, хагас жил, улирлын үйл ажиллагааны төсөв боловсруулж, Удирдах зөвлөлөөр батлуулан мөрдөх.

4.65.7. Эрх зүйн харилцаанд байгууллагаа төлөөлөх,

4.65.8. Удирдах зөвлөлөөс даалгасан буюу эрх олгосон бусад асуудал

4.66. Удирдах зөвлөлд болон Ерөнхийлөгчид ажлаа тайлагнана

4.67. Мэргэжлийн төв, салбар зөвлөлүүдийн ажиллах боломжийг бүрдүүлэх, өдөр тутмын ажлын чиг үүргээр хангаж ажиллах.

4.68. МСНЭ-ийнГүйцэтгэх захирал буюу Ерөнхий нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байх ба улиран сонгогдож болно. Бүрэн эрхийн хугацаа дууссан нөхцөлд шинээр Гүйцэтгэх захирал буюу Ерөнхий нарийн бичгийн дарга сонгох хүртэл албан үүргээ хэвээр гүйцэтгэнэ.

ж/ МСНЭ-ийн салбар зөвлөл

4.69. МСНЭ нь нийслэл, орон нутаг, гадаадын улс оронд салбар зөвлөлтэй байж болно.

4.70.Анхан шатны салбар зөвлөл нь орон нутагт нутаг дэвсгэрийн зарчмаар, нийслэлд хэвлэл мэдээллийн байгууллага түшиглэн МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр, гадаад улс оронд Удирдах зөвлөлийн шийдвэрээр байгуулагдана.

4.71. Салбар, зөвлөл нь Их хурал, Бага хурал, Удирдах зөвлөл, Ерөнхийлөгч, Бодлогын зөвлөл, Хяналтын зөвлөл, Мэргэжлийн төвүүд, Ажлын албаны бодлого, шийдвэр, үйл ажиллагааг орон нутагт, хилийн чанадад сурталчлах, хэрэгжүүлэх, зохион байгуулах ажлыг хариуцна.

4.72. МСНЭ-ийн салбар зөвлөлийг 16 гишүүнтэйгээр байгуулна. МСНЭ-ийн хот, орон нутаг, гадаад улс дахь салбар зөвлөл нь тамга тэмдэг, гэрчилгээ, данстай байна.

4.73. Салбар зөвлөл нь ажлын албанд харьяалагдаж ажиллах бөгөөд улирал тутам ажлын албанд, жил тутам Удирдах зөвлөлд ажлаа тайлагнана.

4.74. Салбар зөвлөлийн даргыг салбар зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар нэр дэвшүүлж, Удирдах зөвлөлөөс батламжилна.

 

и/ Хяналтын зөвлөл

4.75. МСНЭ-ийн Их хурлаар Хяналтын зөвлөлийг 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж сонгоно.

4.76. Хяналтынзөвлөлийн гишүүд хуралдаж дундаасаа даргаа сонгож Их хуралд мэдээлнэ.

4.77. Хяналтын зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.

4.78. Хяналтын зөвлөл нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдана.

4.79.Хяналтын зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

4.79.1.МСНЭ-ийн Их хурал, Бага хурал, Удирдах зөвлөл, Бодлогын зөвлөл, Мэргэжлийн төв, Ажлын албаны шийдвэр, бодлогын хэрэгжилтийн байнгын үйл ажиллагаанд хяналт тавина.

4.79.2.МСНЭ-ийн дүрэм зөрчсөн асуудлаар гишүүний гомдлыг хүлээн авч шалган дүгнэлт гаргах, Удирдах зөвлөлд танилцуулах,

4.79.3.Үл хөдлөх болон бусад хөрөнгийн ашиглалтад шалгалт хийнэ

4.79.4. Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн үйл ажиллагаанд байнгын хяналт, шалгалт хийнэ

4.80. Хяналтын зөвлөлийн дарга нь Бага хурал, Удирдах зөвлөлийн хуралд зөвлөх, мэдээлэл авах эрхтэй оролцож болно.

4.81. Хяналтын зөвлөл үйл ажиллагааны тайлангаа МСНЭ-ийн Их хурал, Бага хуралд тайлагнана.

 

ТАВ. МСНЭ-ИЙН ӨМЧ ХӨРӨНГӨ, САНХҮҮЖИЛТ, САНХҮҮГИЙН ХАРИУЦЛАГА

 

5.1. МСНЭ нь өөрийн эд хөрөнгө, мөнгөн санхүүтэй байна.

5.2. Байгууллага нь дараах эх үүсвэрээс санхүүжнэ.

5.2.1. Гишүүдийн татвар;

5.2.2. Дотоод, гадаадын байгууллага, хувь хүний хандив тусламж;

5.2.3. Төслийн үйл ажиллагааны орлого;

5.2.4. Улсын захиалгат ажил үйлчилгээ гүйцэтгэсний хөлс, улсын төсвийн дэмжлэг;

5.2.5. Дүрмийн зорилгод нийцсэн аж ахуйн бусад үйл ажиллагаанаас олсон орлого.

5.3. Байгууллага нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.

5.4. Байгууллагын орлогоос иргэн аж ахуйн нэгж, байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, зээлдүүлэх, ашиглуулах, хандивлах, ивээн тэтгэх, барьцаалах, тэдгээрийн төлбөрийг төлөх, хуулиар хориглосон үйл ажиллагааг санхүүжүүлэх зэргийг хориглоно.

5.5. Аудитын компаниар үйлчлүүлэх тухай гэрээг Удирдах зөвлөлийн зөвшөөрлөөр Гүйцэтгэх захирал байгуулна.

5.6. Өөрийн санхүүгийн гүйлгээг явуулахын тулд төгрөгийн болон гадаад валютын данстай байна.

5.7. МСНЭ нь өөрийн гишүүн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд туслах зорилго бүхий зээл тусламжийн эргэлтийн сантай байж болно.

5.8. МСНЭ-ийн ерөнхий нягтлан бодогч нь санхүүгийн аливаа гүйлгээнд хоёрдугаар гарын үсэг зурна.

5.9. МСНЭ-ийн гишүүн жилд 48 мянган төгрөг, Бага хурлын гишүүн 108 мянга, Удирдах зөвлөлийн гишүүн 500 мянган төгрөгийн татвар тус тус төлнө.

5.10. МСНЭ-д гишүүн байгууллагаар элсэх хураамж 1,0 сая төгрөг байна.

5.11. Татвараа 12 сар төлөөгүй гишүүн, сонгуульт үүрэгтэнд сануулга өгч, сануулах арга хэмжээ авснаас хойш 6 сарын хугацаанд биелүүлээгүй тохиолдолд сонгуульт үүргээс нь чөлөөлж, МСНЭ-ийн гишүүнээс хасна.

ЗУРГАА. МСНЭ-ИЙН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

 

6.1. МСНЭ-ийн дэргэд төрөлжсөн хороод, клуб гэсэн гишүүн байгууллага байгуулж болно.

6.2. МСНЭ-ийн дэргэдэх байгууллагын дүрэм, журам, төсөв санхүү, бүтэц, орон тоо болон бусад шаардлагатай асуудлыг МСНЭ-ийн удирдах зөвлөлөөс тогтооно.

6.3. МСНЭ-ийн дэргэдэх байгууллагууд нь МСНЭ-ийн дүрмэнд захирагдаж ажиллана.

ДОЛОО. МСНЭ-ИЙГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ,ТАТАН БУУЛГАХ

 

7.1. МСНЭ-ийг өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэрийг Их хурлын төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар хэлэлцэж Монгол Улсын Иргэний хууль, Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэнэ.

7.2. МСНЭ хуулийн дагуу татан буугдсан тохиолдолд үл хөдлөх хийгээд бусад өмч хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий төрийн бус байгууллагад шилжүүлэх, хэрэв тийм байгууллага байхгүй бол зорилгод нь нийцсэн үйл ажиллагаанд зарцуулахыг МСНЭ-ийг Татан буулгах комисс шийдвэрлэнэ.

7.3. Татан буулгасан тухай шийдвэрээ 21 хоногийн дотор нийтэд ил тод мэдээлж албан ёсоор улсын бүртгэлээс хасуулснаар МСНЭ-ийн үйл ажиллагаа дуусгавар болсонд тооцогдоно.

НАЙМ. БУСАД ЗҮЙЛ

 

8.1. МСНЭ-ийн шинэчлэн найруулж, нэмэлт өөрчлөлт оруулсан энэхүү дүрэм нь Их хурал баталсан өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх бөгөөд Удирдах зөвлөл Монгол Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн баталгаажуулна.

 

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН XVII ИХ ХУРАЛ

Сүүлд нэмэгдсэн мэдээ