Соёлын гавьяат зүтгэлтэн, Х.Цэвлээгийн

Монголын нэрт соён гэгээрүүлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Х.Цэвлээ “Сониндумаа” хэмээх содон нэртэй, сонирхолтой  бүтээлээ уншигч түмнийхээ  оюуны мэлмийд өргөн барив. Ном нээх ёслолыг “Зууны мэдээ” сонин, TV-9 телевизийн уран бүтээлчид хамтран “Үндэсний мэдээллийн төв”-д зохион байгууллаа. Ёслолд үе үеийн сэтгүүлч, зохиолчид нийгмийн зүтгэлтнүүд оролцлоо. 

"Энэ ном сэтгүүл зүйн өндөр хөх уулсын нэг. Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээгийн хэвлүүлсэн 40 дэх бүтээл юм.  Энд  түүний олон он жил дамнасан хагас зуу гаруй тооны нийтлэл, уран бүтээл багтжээ. Иймд тэрбээр энэ номыг 48 жил бичсэн болж таарч байна” хэмээн  МУСГЗ, МЗЭ-ийн УЗ-ийн дарга, сэтгүүлч, зохиолч До.Цэнджав онцлон тэмдэглэж байлаа. Энэ номыг нэрлэсэн  Сониндумаа бол бодит хүний нэр бөгөөд Х.Цэвлээ гуай 1968 онд Баянхонгор аймгийн нэгэн суманд ажиллахдаа нэг айлаар ороход гэрийн эзэгтэй ”Сониндумаа миний охин аргал оруулаад ир” гэхэд 10 –аад насны жаахан охин “за” хэмээн часхийсэн чанга дуугаар хэлээд гүйн гарч аргал хормойлж орж ирэхэд  нэр нь ихэд танил юм шиг сонсогджээ. Гэвч тэр нь танил нэр ч бус харин  сэтгэл дотроо эрж хайж явсан жүжгийн  зохиолынх нь нэрд яг оносон  нэр байсан гэдэг. Ийнхүү  тухайн үед жүжгээ ч Сониндумаа гэж нэрлэжээ. 

Монгол Улс, ЗХУ-ын баатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа "Х.Цэвлээ гуай бид хоёр нэг нутаг болох Гурван булагийн Хөгнө хан уулнаа төрсөн нь сайхан санагддаг. Х.Цэвлээ гуайн бичсэн бүтээл бүхэн надад их дотно санагддаг. Мөн ч хөдөлмөрч хүн шүү" гэж үнэллээ. 

 Х.Цэвлээ гуайн багш нь болох Ардын уран зохиолч Тангадын Галсан бас үг хэлэв. Тэрбээр "Би Х.Цэвлээг арван хуруу шигээ мэднэ. Х.Цэвлээ хөдөөний хүн атлаа цагаан царайтай, эмэгтэй хүн харахаараа хацар нь ягаардаг гэмтэй, шоволзсон залуу байсан. Х.Цэвлээ шатны гишгүүр алгасалгүй гишгэсэн хүн. Сонины үсэг өрөхөөс эхлээд, үгийн “бөөс” түүж, дараа нь сонины нарийн бичгийн дарга болсон байдаг. Шавь гэхийн учир нь түүний аравдугаар ангийн гэрчилгээний ангийн багшийн нэр дээр миний нэр бий. Намайг ардын хүүхэд хүмүүжүүлэх эрхгүй, атан тэмээ хариулах үүрэгтэй болчихоод алтан говьд явж байхад Х.Цэвлээ шавь маань ирсэн юм.

Улс төрийн эсэргүү болсон хүн ямар л олигтой байх вэ дээ. Даргад хүмүүс шинэ шөл уулгаад, шилтэй юм ярайлгаж байсан. Намайг тэнд ороход дарга нар тахалтай хүн ороод ирсэн аятай эмзэглэж байсан. Харин Х.Цэвлээ “Та нааш суугаач” гэсэн. Тэр үед надад “Эсэргүүг хүндэтгэсэн гээд албанаас нь буулгачих юм биш байгаа даа” гэж бодогдсон. Х.Цэвлээгээс “Намайг юу гэж бодож байна” гэж асуухад “Та сэхээтэн” гэж хариулсан юм. Улс төр маань намайг тэмээчин гэж байхад энэ хүн сэхээтэн гэж байгаа нь тархиндаа гэгээтэй, үйл хэрэгтээ үнэнч яваарай гэсэн захиа байсан даа. Б.Ринчен багш эргэж очихдоо “Мөс мөнх биш” гэж хэлсэнтэй яг адил жинтэй үг байсан. Х.Цэвлээгээ Төрийн шагналд нэр дэвшүүлэх саналтай байна" гэлээ. МУСГЗ сэтгүүлч Галсангийн Жамьян "Цагаан сарын үеэр Х.Цэвлээгийн улаан ном гарах гэж байна гэсэн яриа гарсан. Үүнийг сонсоод гарах өдрийг нь хүлээж байлаа. Х.Цэвлээг Т.Галсан Төрийн шагналд тодорхойллоо. Харин би түүнийг Нобелийн шагналд нэр дэвшүүлэх саналтай байна" гэж ч ярилаа. Энэчлэн  намын нэгэн ахмад буурал "Хөдөлмөрийн баатар ч болохоор хүн шүү" гэлээ. Нэрт сэтгүүлч Хорлоогийн Цэвлээгийн "Сониндумаа" хэмээх содон нэртэй номын баярын сэтгэгдлүүд их л сонин, бас содон байв.


Сүүлд нэмэгдсэн мэдээ