Гадаад харилцааны яамны "Номин" танхимд "ЭЛЧИН САЙДУУД ба СЭТГҮҮЛЧИД" сэдэвт уулзалт, медиа тур төслийн нээлтийн үйл ажиллагаа эхэллээ. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн зүгээс Гадаад харилцааны яамтай хамтран энэхүү уулзалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ оноос эхлэн Гадаад харилцааны яам, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын үндэсний олон нийтийн радиа телевиз хамтран "Медиа тур" төслийг хэрэгжүүлэхээр болсон ба энэхүү төсөл нь дэлхийн 20 орныг хамрах аж.

Яг одоо Гадаад харилцааны яаманд болж буй "ЭЛЧИН САЙДУУД ба СЭТГҮҮЛЧИД" уулзалтад 20 гаруй орны Элчин сайд, Ерөнхий консул, Дипломат төлөөлөгчид оролцож байна.

Мөн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц болон сэтгүүлзүйн салбарын үе, үеийн уран бүтээлчид уулзалт, төслийн нээлтэд оролцохоор ирээд байна. 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар арга хэмжээг нээж үг хэлэв. Тэрбээр "Эрхэмсэг хатагтай, ноёд оо. Эрхэм хүндэт сэтгүүлчид ээ. Монголын сэтгүүлзүйн өдөр өчигдөр тохиолоо. Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээг уламжилж байгааг минь хүлээж авна уу. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард МСНЭ-тэй хамтран анхны уулзалтыг зохион байгуулсан. Өнөөдөр хоёр дахь уулзалтаа зохион байгуулж байна. Олон улсын харилцааны өнөөгийн байдал, гадаад харилцааны асуудлаар мэдээлэл авах бол олон нийтэд түгээх ажилд энэхүү арга хэмжээ ач тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна. Монголын ард түмнийг үнэн, бодит мэдээллээр хангах нь Гадаад харилцааны яам болон Монголын сэтгүүлчдийн үүрэг юм. Энэ чиглэлд МСНЭ-тэй хамтран ажиллаж байна. Цаашид ч олон зүйл дээр хамтран ажиллах болно" хэмээн онцоллоо.

Дараа нь МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр "Эрхэм хүндэт Гадаад харилцааны сайд, төлөөлөгчид болон сэтгүүлчид та бүхэндээ Монголын сэтгүүлзүй үүсч хөгжсөний 106 жилийн ойн баярын мэндийг хүргэж байна. Үзэсгэлэнт бүсгүйчүүддээ маргааш болох олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе. Энэхүү арга хэмжээ нь хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.Нэгдүгээрт, МСНЭ нь Гадаад харилцааны яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хоёрдугаарт, Гадаад харилцааны яам, МСНЭ Гадаад харилцааны яам, МҮОНРТ-тэй хамтран хэрэгжүүлэх "Медиа тур" төсөлд санамж бичиг байгууллаа. Монголын сэтгүүлч, сэтгүүлзүйн байгууллагын санаачилгыг хүндэтгэн хүлээн авч дэмжиж байгаа Гадаад харилцааны сайд болон хамт олонд нь талархал илэрхийлж байгааг минь хүлээж авна уу. Мөн Элчин сайд болон дипломат төлөөлөгч нартаа дахин талархаж байна. Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд онцгойлон нэг зүйлийг хэлэхийг хүсч байна. "Медиа тур" төсөл бол гадаадын орныг Монголын иргэдэд сурталчлахад илүү ойр төсөл юм. Тиймээс эрхэм Элчин сайдууд та бүхнийг бидний ажлыг дэмжээрэй гэж хүсч байна" гэв

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 https://www.facebook.com/zinda...


Сүүлд нэмэгдсэн мэдээ