Ахмад сэтгүүлчиддээ хүндэтгэл үзүүлж, сар шинийн золголт зохион байгуулав
МСНЭ-ээс ахмад сэтгүүлчдээ хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх сар шинийн золголтыг 2018.02.21-нд шинийн тавны билэгт сайн өдөр зохион байгуулав. МСНЭ-ийн үе үеийн Ерөнхийлөгч нар болон Бага хурлын гишүүд, Удирдах зөвлөлийн гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүд, ахмад сэтгүүлчдээс бүрдсэн нийт 130 гаруй уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүллээ. “Үндэсний сэтгүүлзүйн 105 жилийн ойн бүтээлч ажлууд” хөтөлбөрийг ахмадууддаа танилцуулж, урлагийн тоглолт үзүүлж гарын бэлэг гардуулав.
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Бид орон нутгийн салбар байгууллагуудаа бэхжүүлэхээс ажлын гараагаа эхэлж, хамтын ажиллагааг тал бүрээр өргөжүүлэх, харилцан ойлголцлоо эрхэмлэх, гадаад харилцаагаа хөгжүүлэх, хууль эрхзүйн орчноо сайжруулах, сэтгүүлчдээ сурган чадавхжуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг өөдрөг хүсэл, өрнүүн зорилт дэвшүүлэн түүхэн ойгоо угтаж байгаа” хэмээн онцолсон юм.