Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх албан уулзалт хийв
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Ганбаатар нар 2 дугаар сарын 24-нд албан уулзалт хийлээ. Талууд МСНЭ, МӨХ-ны хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хийгдэхээр төлөвлөсөн ажлуудыг шат дараалалтай хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, нарийвчлан зохион байгуулах ажлуудыг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцсон юм. Уулзалтын үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчдийг түшиглэн шинээр батлагдсан Зөрчлийн тухай хууль болон хүний нэр төр, алдар хүндтэй холбоотой асуудлаар өмгөөлөгч, сэтгүүлчдийн дунд сургалт зохион байгуулах, хэлэлцүүлэг өрнүүлэх, харилцан мэдээлэл солилцох, спортын нөхөрсөг тэмцээнийг хамтран зохион байгуулахаар тохиролцлоо.