Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 105 жилийн ойн баярын хурал, хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ зохион байгууллаа
Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 105 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх “Үндэсний сэтгүүлзүйн 105 жилийн бүтээлч ажлууд” хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ болон баярын хурлыг 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр “Пума Империал” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 105 жилийн ойн утга учрыг тодотгох, хөтөлбөр батлах, ахмадууддаа болон хэвлэл мэдээллийн салбарыг нуруундаа үүрч яваа хэвлэлийн байгууллагын удирдлагуудад хүндэтгэл үзүүлэв. Сэтгүүлзүйн салбарын 100 орчим төлөөлөл оролцсон баярын хуралд Монгол Улсын Ерөнхий сайд илгээлт ирүүлж, ЭМ-ийн сайд, МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Д.Сарангэрэл сэтгүүлчдэд хандан амжилт хүсч, мэндчилгээ дэвшүүллээ.
МҮОНР-ийн түүхийг бичилцсэн ахмад сэтгүүлч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Гүнсэн, “Үнэн” сонин, “Тоншуул” сонин, “Нийслэлийн сонин”-д 30 гаруй жилийнхээ амьдрал, хөдөлмөр зүтгэлийг зориулсан сэтгүүлч, шог зохиолч Г.Дамба нарт МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр Монгол Улсын сэтгүүлзүйн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж МСНЭ-ийн “Алтан Өргөмжлөл” дурсгаж, хүндэтгэл үзүүлэв.