Эх дэлхий - Сэтгүүлчид” Орон нутгийн хэвлэл мэдээллийн IV форумын уриалга

Монгол Улс хөгжлийн баримт бичигтээ уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар хэмээн тодорхойлсон билээ.

Эдгээр салбар нь эх орны уудам газар нутаг, эрдэс баялаг, үржил шимт хөрс шороо, үзэсгэлэнт байгальд тулгуурлан үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулдаг онцлогтой.
Өнөөдөр эдгээр салбар нь хөгжлийн тодорхой бодлого, төлөвлөгөөгүйн улмаас байгаль орчныг сүйтгэх, бэлчээрийн доройтолд хүргэх, байгалийн унаган төрхийг алдагдуулах, түүх соёлын дурсгалыг бүдгэрүүлэх, орчныг бохирдуулах зэрэг сөрөг үр дагавар бүхий нийтлэг шинжтэй болж байна.
Түүнчлэн эдгээр салбар нь өөр хоорондоо болон орон нутгийн иргэдтэй газар нутгийн маргаан, зөрчилд хүрэх боллоо.

Ковид цар тахлын улмаас хил хаагдсан сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа ч энэ нь эдийн засгийн үр ашиг тааруу, байгаль орчин бохирдуулах зохисгүй аялал хэлбэрээс хэтрэхгүй байна. Аялал жуулчлалын салбар нь тодорхой контент, дэд бүтэц, үйлчилгээний хүн хүчний мэргэшсэн томоохон нөөц дээр үндэслэн хөгждөг ч манайд энэ нь бий болж чадсангүй.
Улсын хөгжлийг тэргүүлэх учиртай салбарууд нэг нэгдээ нэмүү өртөг шингээн хорших биш харин ч харшлах байдалтай, брэнд, патент бий болгодоггүй, нийгмийн дэмжлэггүй, нэр хүндгүй салбарууд болов.

Дээрх нөхцөл байдлаас үүдээд олон нийт, иргэдийн дунд байгаль орчноо хайрлах, баялгаа харамлах, хаацайлах үзэл хандлага давамгайлж, зарим тохиолдолд хэт туйлшралыг ч бий болгож байна.
Энэ нь хөрөнгө оруулагчдыг үргээж, цаашлаад хөдөө орон нутгийн иргэдтэй хагаралдуулах, эх оронч, эх оронч бусаараа хуваагдах, хөрөнгө чинээ, анги давхаргаар ялгаварлах зэрэг нийгмийн итгэлцэл, ойлголцолд ноцтой сөрөг хандлагыг бий болгов. Энэ нь хэвлэл мэдээллийн агуулгад ч тусгалаа олсоор байна.

Ийм цаг үед МСНЭ орон нутгийн хэвлэл мэдээллийн IV форумаа Дорнод салбар зөвлөлтэй хамтран зүүн хязгаарт Дорнод аймгийн Халх гол сум Буйрын нуурын эрэгт “Эх дэлхий-сэтгүүлчид” сэдвийн дор зохион байгууллаа.

Дэлхийн цаг уурын өөрчлөлт хүн төрөлхтөний санааг зовоож, нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй технологид шилжихийг улс орнууд хичээн чармайж буй энэ цаг үед НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Монгол Улсад хийж буй айлчлал нь манай форумтай давхцсан нь бид дэлхий нийттэй хөл нийлүүлж буйг илтгэж байна.

Монголын сэтгүүлчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд гар бие оролцож дуу хоолойгоо нэгтгэж буйгаа зарлаж байна. Түүнчлэн Дорнод аймгийн ард иргэдийн бухимдал, гомдол, тэмцлийн талбар болоод байгаа “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн газрын тосны олборлолт, тээвэрлэлтийн зохисгүй байдал нь бүх нийтийн санааг зовоох асуудал болсныг онцолж, үүнд эх оронч сэтгэлээр хандан эх байгалиа хамгаалах үйлсэд бүгдээрээ нэгдэхээ илэрхийлж байна.

Цаашид төрийн бодлогын түвшинд уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын хөгжлийг цогц уялдаа холбоонд авч үзэх, байгаль орчинд нөлөөлөх сөрөг байдлыг бууруулахад анхаарал хандуулах, төр, орон нутаг, хэвлэл мэдээлэл хамтран санаачилга гаргаж бодит өөрчлөлт хийхийг уриалж байна.
Монгол Улс дэлхийд ховор бэлчээрийн мал аж ахуй, органик хүнс үйлдвэрлэхүйц байгалийн түүхий эд, нөөцөөр арвин байгалийн баялагтай орны хувьд жуулчдад нүд, сэтгэл баясам онгон дагшин байгаль, өвгөд дээдсийн гайхамшигт түүх цогцолсон уугуул үндэстнийхээ өв соёлын үнэ цэнийг нь сурталчлан таниулах нь ч, өмгөөлөн хамгаалах нь ч сэтгүүлч бидний эрхэм үүрэг билээ.
Байгаль дэлхийдээ ээлтэй, ард иргэддээ ивээлтэй хөгжил дэвшлийн төлөө хамтдаа зорьё.

“Эх дэлхий - Сэтгүүлчид” Орон нутгийн хэвлэл мэдээллийн IV форумд оролцогчид
Монгол Улс. Дорнод аймаг. Халхгол сум. Буйр нуур
2022.08.11