МСНЭ-ийн удирдлагууд 20 аймагт ажиллав
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Орон нутаг хариуцсан Дэд ерөнхийлөгч А.Батбаяр болон холбогдох баг бүрэлдэхүүний хамт нийт 20 аймгийн салбар зөвлөлдөө хүрч ажиллаад байна. Булган аймаг нь шүлхийн хорио цээрийн дэглэмтэй байгаа тул хараахан тус аймагт ажиллаагүй бөгөөд хөл хориог цуцалсан даруйд ажиллахаар төлөвлөж буй. МСНЭ- ийн удирдлагууд салбар зөвлөлийн уран бүтээлчидтэйгээ уулзалт хийж, шинэ бүтэц, зохион байгуулалт, бодлого, ажлын албаны тухай танилцуулж, хөдөө орон нутагт хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, чиглэл өгч ажиллалаа. Мөн 16 давхар “Сэтгүүлч ордон” барих, сэтгүүлчдийн 1000 айлын орон сууц барих зэрэг томоохон төслийг хэрэгжүүлэх талаар орон нутгийн сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Аймаг орон нутгийн сэтгүүлчид дараах асуудлыг хөндөж байна. Сэтгүүлчдийг сургалтанд хамруулахаас гадна зураглаач, найруулагч нарыг чадавхжуулах, сургалтад хамруулдаг байх, сэтгүүлч мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж буй сургуулиудын чанарт анхаарал хандуулах, орон нутгийн сэтгүүлчдийн хэлний мэдлэгийг дээшлүүлэх, нийт сэтгүүлчдийн нийгмийн асуудалд анхаарал хандуулах цаг болсныг онцолж байв. Мөн орон нутгийн сэтгүүлчдийн зүгээс сошиал, интернет орчинд мэдээлэл түгээх тодорхой хуультай болох шаардлагатай гэж үзэж байна. “Цахим орчинд гүтгэлгийн чанартай мэдээлэл цацдаг болсон. Хэвлэл мэдээллийн салбар, сошиал орчин хоорондоо зааг ялгаатай байх ёстой” гэж орон нутгийн сэтгүүлчид үзэж буйгаа илэрхийллээ.
МСНЭ-ээс салбар зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, сэтгүүлч уран бүтээлчдийн ажиллах нөхцөлийг хангах үүднээс 20 аймгийн салбар зөвлөлийг ажлын байртай болгох асуудлыг шийдвэрлэн тус бүрт нь компьютер, принтер олгоод байна. Мөн бүх салбар зөвлөлд сандал, ширээ олгох юм.