Орон нутгийн сэтгүүлчдийн форум-2018”-ыг зохион байгуулав
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хамтран “Орон нутгийн сэтгүүлчдийн форум-2018”- ыг Орхон аймгийн “Сэлэнгэ” амралтын баазад энэ сарын 17- 19-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Чуулганд 21 аймгийн 160 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, уран бүтээлчид оролцлоо. Форумд МСНЭ-ийн ерөнхийлөгч асан Б.Галаарид, МҮМХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Мөнхбаяр, “Эрдэнэт” үйлдвэрийн эдийн засгийн орлогч дарга Д.Галбаатар, Монголын лектор төвийн тэргүүн Ц.Баатархүү, МСНЭ-ийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Д.Элбэрэл нар урилгаар оролцож, илтгэл тавилаа.
“Орон нутгийн сэтгүүлчдийн форум-2018”-ын төрөлжсөн сургалтыг МҮОНРТ-ийн нэвтрүүлгийн зөвлөлийн дарга, найруулагч Г.Энхтөр, “Өдрийн сонин”-ы дизайн компьютерийн төвийн дарга Я.Баярбаатар, Монголын Сайтын холбооны ерөнхийлөгч Э.Батхүү, “Хурд” агентлагийн захирал Б.Баярсайхан нар чиглэл чиглэлийн дагуу хөтлөн явууллаа. Мөн “Үндэсний сэтгүүлзүйн шинэ дэвшилтэт хөгжлийн төлөө” үзэл санаанд тулгуурлан Олон улсын байгууллагад болон төрийн байгууллагад төсөл бичих, Маркетингийн төлөвлөгөө боловсруулах тухай, Хэвлэл мэдээллийн салбар дахь мэдээллийн аюулгүй байдлын асуудал, Орчин цагийн чөлөөт хэвлэлийн асуудлууд, зураглаач, эвлүүлэгч, дизайнер, FM радиогийн хөтлөгч, найруулагчийн цогц сургалтууд явагдлаа. Хоёр өдрийн турш үргэлжилсэн “Орон нутгийн сэтгүүлчдийн форум-2018” уулзалтын үйл ажиллагаа МСНЭ болон салбар зөвлөлийн дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулснаар өндөрлөсөн юм.