Завханы хэвлэл мэдээллийн байгууллагууд байгаль орчныг хамгаалахад анхаарал хандуулж байна

 

       Завхан аймгийн AIR-1 телевиз, Шинэ Завхан телевиз, Завхан сонинууд нь аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон Засаг Даргын Тамгын газартай 2018 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээний дагуу хэвлэл мэдээллийн байгууллагууд жилийн турш аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагаа, төрийн бодлого шийдвэрүүдийг иргэдэд нээлттэй мэдээлэхээр болов.

Мөн Завхан аймаг энэ жил “Миний гоё сум” хөтөлбөрийн хүрээнд “Эко Завхан“ аяныг зарлаад байгаа билээ. “Эко Завхан” аяныг Завхан аймгийн ЗДТГ-аас Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1, УИХ-ын 2014 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан “Ногоон хөгжлийн бодлого“-ын 2.2.2, Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр“-ийн 2.2.5, Завхан аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.3 дахь зорилтуудыг үндэслэн зохион байгуулж байгаа аж. Аяны хүрээнд орчны бохирдол доройтлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд сум, байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг татан оролцуулж урамшуулах юм байна. Өнөөдрийн байдлаар хэвлэл мэдээллийн байгууллагууд байгаль орчныг хамгаалах болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй байгууллага, хувь хүн иргэдийн талаарх шүүмжлэлт мэдээ мэдээлэл, сайн туршлага болохуйц мэдээллийг 44 удаагийн нэвтрүүлэг, сонины 126 мэдээлэл, нийтлэл, 178 удаагийн цаг үеийн мэдээлэл, ярилцлагыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулаад байна. Аянд идэвхтэй амжилттай оролцсон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг жилийн эцэст шагнаж урамшуулах ажээ.

Хүний олон төрлийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж буй байгаль орчны доройтол нь цөлжих, хөрс эвдэрч хуурайших, ургамлын бүтэц өөрчлөгдөх, гол горхи, нуур цөөрөм бохирдож хатаж ширгэх, мөнх цас хайлах, ургамал, амьтны төрөл зүйл цөөрөх, байгалийн онц аюултай үзэгдэл ихсэх, ган зуд, гал түймэр нүүрлэх зэрэг олон хэлбэрээр илэрч байна. Тиймээс хүн бүр өөрийн экологийн ул мөрөө багасгаж хоггүй эрүүл орчинд амьдрах хойч үедээ эрүүл, аюулгүй, байгалийг үлдээх нь үүрэг болоод буйг ухаарах нь зүйтэй гэдгийг нийт иргэддээ хэвлэл мэдээллийн байгууллагууд уриалж байгаа юм.