“Ган үзэг-2023” наадмын шилдгүүд тодорлоо

 

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл “Ган үзэг-2023” наадмыг зохион байгуулж, шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага, шилдэг бүтээл, шилдэг сэтгүүлч, редактор зэрэг хэвлэл мэдээллийн салбарын шилдгүүдийг шалгарууллаа. Энэ жилийн шалгаруулалтад хэвлэл мэдээллийн  78 байгууллага,  98 сэтгүүлч, 190 бүтээлийг нэр дэвшүүлж тус тус өрсөлдөхөөр материалаа ирүүллээ. Ирүүлсэн материалыг мэргэжлийн шинжээчдийн баг шүүн тунгааж, МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн хурлаар дүнг эцэслэн шийдвэрлэлээ.

ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ

Орон нутгийн шилдэг сэтгүүлч номинаци

Завхан аймгийн анхны чөлөөт телевиз AIR1 телевиз нь 2007 оноос хойш 16 дахь жилдээ тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Тус телевизийн сэтгүүлч Б.Оюун-Эрдэнэ нь Орон нутгийн шилдэг сэтгүүлчээр шалгарлаа. Сэтгүүлч Б.Оюун-Эрдэнэ нь монгол өв соёл, эх хэл бичгээ түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Соёлын өв тээгч” цуврал нэвтрүүлэг, “Өрх бүр угийн бичиг хөтөлснөөр удмын сангаа ариун байлгана” зэрэг сурвалжилгаараа Орон нутгийн шилдэг сэтгүүлчээр шалгарлаа.

 

Радиогийн шилдэг сэтгүүлч номинаци

“Гэр бүлийн радио-104.5”-ын сэтгүүлч Б.Баясгалан “Гэрэлтэм” хөтөлбөрийн “Мөрөөдөл мөхөхгүй” ярилцлагаараа радиогийн шилдэг сэтгүүлчээр шалгарлаа. “Гэрэлтэм” эмэгтэйчүүдийн хөтөлбөр нь мэргэжлийн сэтгэл зүйч, сэтгэл засалчдын багтай хамтран ажиллаж сонсогч бүсгүйчүүддээ зориулан “СУРГАЛТ” “ЗӨВЛӨГӨӨ”  өгдөг. 2023 оны 2-р сараас өнөөдрийг хүртэл 13 бүсгүйг зөвлөгөө, сургалтад хамруулжээ.

Сайтын шилдэг сэтгүүлч номинаци

 “Urug.mn” сайтын редактор, сэтгүүлч У.Болортуяа нь “Монголчуудад бүх хөрөнгөө завшуулсан ч шантрахгүй зүтгэсээр буй Ким эмчийн түүх”, "Цемент Шохой" ТӨХК 5,4 саяын нөөцтэй газраа бусдад алджээ” сурвалжилга, “Улс төрийн задлан” зэрэг нэвтрүүлгээрээ сайтын шилдэг сэтгүүлчээр шалгарлаа. 2023 онд “Улс төрийн задлан” нэвтрүүлгийн 30 гаруй дугаарыг бэлтгэн хүргэжээ.

 Сонины шилдэг сэтгүүлч

Сэтгүүлч Р.Хишигжаргал нь МУБИС-ийг 2018 онд сэтгүүлч мэргэжлээр төгсч, 2020 оноос эхлэн “Өдрийн сонин”-ы Улс төр, гадаад мэдээллийн албаны сэтгүүлчээр тасралтгүй ажиллаж байна. Р.Хишигжаргал нь нийгэм, улс төрийн цаг үетэй уялдсан  олон сонирхолтой нийтлэл, ярилцлагыг уншигчдын хүртээл болгоод байна. 2023 оны Сонины шилдэг сэтгүүлчээр Р.Хишигжаргал шалгарлаа.   

Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч

“Эргэлт” сэтгүүлийн эрэн сурвалжлах сэтгүүлч Д.Чанцалдулам нь сэтгүүлийн шилдэг сэтгүүлчээр шалгарлаа. Д.Чанцалдулам нь 2016 онд МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөнөөс хойш “Үндэсний шуудан” сонин, Эргэлт.мн сайт, сэтгүүлд эрэн сурвалжлах сэтгүүлчээр дагнан ажиллаж байгаа юм. Д.Чанцалдуламын “Хивсний хэргийн хулгайч Мягмарт нүүр өгөөгүйнхээ төлөө миний ээж хүн амины хэрэгт гүтгэгдэж, 15 жилийн хорих ял сонссон” эрэн сурвалжлах бүтээл, “Амьдрах, аврахын төлөөх тэмцэл”, “25 цэнгийн төлөөх 25 жил” сурвалжилга зэрэг нь шүүгчдээс өндөр үнэлгээ авлаа.

Телевизийн шилдэг сэтгүүлч

2023 оны Телевизийн шилдэг сэтгүүлчээр “eagle news” телевизийн сэтгүүлч Г.Байгаль шалгарлаа.

Сэтгүүлч Г.Байгаль нь 2014 оноос хойш буюу 9 дэх жилдээ мэдээллийн төрөлжсөн телевиз “Eagle news”-ийн “Эдийн засгийн тойм” нэвтрүүлгийг бие даан бэлтгэн хүргэж байна.  Долоо хоног бүр гурван удаа бэлтгэн хүргэдэг түүний тоймоос “Математикт сайн хүүхэд ирээдүйд долоон хувиар илүү орлого олдог”, “Англи хэл сурах нь хүний нас, сайхан амьдралд ингэж нөлөөлдөг”, “Эрх баригчдын сонгуулийн “шоу”-гаа хийх 5 их наяд төгрөгийг иргэн та төлнө”, “Гадаадын 40 инфлюенсерт төсвөөс 1.5 тэрбум төгрөг зарцуулж байна” зэрэг бүтээл нь үзэгчдийн сонирхлыг ихэд татсан юм. 

 Телевизийн шилдэг сэтгүүлч

“TV5” телевизийн сэтгүүлч Ч.Доржбат нь “Зудаас зугтсан их отор нүүдэл”, “Мал сүрэг бол үндэсний баялаг” цуврал сурвалжилгаараа телевизийн шилдэг сэтгүүлчээр шалгарлаа. Ч.Доржбат нь орон нутгийн онцлог, малчдын аж амьдрал, нөхцөл байдлыг хамгийн сайн мэдээлдэг сэтгүүлч юм.

ШИЛДЭГ РЕДАКТОР

Сонины шилдэг редактор

“Зууны мэдээ” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал нь өдөр тутмын сонины гол бүтээл, сэтгүүлчдийн ажлыг зохион байгуулах, үүрэг хариуцлагыг оновчтой хуваарилах гол ажлыг зохион байгуулж байна. Энэ бүх өөрчлөлтийг гардан зохион байгуулж байгаа Х.Мөнхжаргал нь сонины шилдэг редактораар шалгарлаа.

Сэтгүүлийн шилдэг редактор

“Үндэстний тойм” сэтгүүлийн хариуцлагатай нарын бичгийн дарга О.Даваасүрэн нь  ёсзүйтэй, зарчимтай байхад анхаарч, цаасан хэвлэлийн үнэ цэнийг өргөхөд гар бие оролцож байгаа юм. Сэтгүүлч, редактор О.Даваасүрэн нь “10 хоногт 10 амь”, “Дутуугийн тарчлаан”, “Хайр ба залилан”, “Цадиггүй цахим сурталчилгаа”, “Яаруу дэлхий”, “Ээж ээ, би амьдармаар байна” зэрэг нийтлэлээрээ Сэтгүүлийн шилдэг редактор боллоо.  

Телевизийн шилдэг редактор

“С1” телевизийн редактор А.Алтанцэцэг нь Телевизийн шилдэг редактораар шалгарлаа. Алтанхуягийн Алтанцэцэг нь 2006 оноос буюу С1 тв-ийг анх байгуулагдсан цагаас Мэдээний албанд сэтгүүлчээр ажиллаж эхэлсэн. Одоо мэдээний албанд Редактораар ажиллаж байгаа. Мөн “Реакц”, “Харандааны адал явдал” зэрэг нэвтрүүлгүүдийн редактораар ажиллаж байна.

Телевизийн шилдэг редактор

“ТV6” телевизийн редактор Ж.Баяржаргал нь сэтгүүл зүйн салбарт 24 дэх жилдээ ажиллаж байгаа юм. Одоогоор “ТV6” телевизийн эх оронч үзлийг дэлгэрүүлэх зорилтот нэвтрүүлэг “Хөндлөн утга”, “Гэвч” памфлет тойм, “Шүүмжийн байнгын хороо” зэрэг асуудал дэвшүүлсэн нэвтрүүлгийн хөтлөгч, редактораар ажиллаж байна.

Радиогийн шилдэг редактор

МҮОНР-ийн Уран зохиол, өв соёлын редакцын редактор, сэтгүүлч, зохиолч Б.Даариймаа нь хэвлэл мэдээллийн салбарт 22 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа юм. Редактор Б.Даариймаа нь Үндэсний олон нийтийн радиогийн сүлжээнд шинээр орсон “Хориг шүүмжийн бичээс”, “Хүн гараг” цуврал нэвтрүүлгийн  сэтгүүл зүйн шаардлагад нийцсэн редакторлах чадвараараа Радиогийн шилдэг редактор боллоо. 

 Сайтын шилдэг редактор

“UBN.mn” сайтын эрхлэгч Г.Лхагвадорж нь улс төрийн сэдвээр дагнан бичдэг редактор. Мөн сайтынхаа Visual TOIM, Гол дүр, UBN story зэрэг контентуудад сэтгүүлчдээ сурган, чанартай бүтээл хийхэд чиглүүлэг өгч, залуу сэтгүүлчдийг дэмжин ажиллаж буй сурган хүмүүжүүлэгч, менежер тул сайтын шилдэг редактораар шалгарлаа.  

ШИЛДЭГ БҮТЭЭЛ

1.Орон нутгийн хэвлэл мэдээллийн шилдэг бүтээл

Төв аймгийн “ТӨВ” телевизийн “Шүгэл” хэлэлцүүлэг болон бусад хийсэн нэвтрүүлгүүдээрээ  Орон нутгийн хэвлэл мэдээллийн шилдэг бүтээлээр шалгарлаа. “Шүгэл” хэлэлцүүлгийг Төв телевизийн редакцаас санаачлан 2022 оноос бэлтгэж эхэлсэн. Хэлэлцүүлгээр орон нутагт өрнөж байгаа бүхий л талын нийгмийн асуудлыг хөндөн иргэд, үзэгчдээс бүтэн нэг сарын турш санал асуулгыг цахимаар авч, хамгийн тулгамдаж буй сэдвийг нь сонгон 2 сард нэг удаа бэлтгэдэг нэвтрүүлэг юм.

2.Радиогийн шилдэг бүтээл

Гэр бүлийн радио 104.5-ын  “Энгэрт зүүлттэй эрдэнэ” нэвтрүүлэг нь Радиогийн шилдэг бүтээлээр шалгарлаа. “Энгэрт зүүлттэй эрдэнэ” нэвтрүүлэг нь Даунтай хүүхдүүд болон тэдний гэр бүлийнхэнд зориулсан нэвтрүүлэг. Бодитоор амьдралыг нь туулж, асуудал бэрхшээлтэй өдөр тутамдаа нүүр тулж яваа хүмүүсийн түүхээр дамжуулан дауны талаар нийгэмд зөв ойлголт өгөх зорилготой нэвтрүүлэг юм.

3.Гэрэл зургийн шилдэг бүтээл

IToim.mn” сайтын гэрэл зурагчин Э.Ганзоригийн Туркийн газар хөдлөлтөөс бэлтгэсэн “Нуранги” гэрэл зургийн сурвалжилга Гэрэл зургийн шилдэг бүтээлээр шалгарлаа.

Гэрэл зурагчин Э.Ганзориг нь 2023 оны хоёрдугаар сард Турк болон Сирийн заагт болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн гамшгийн дараах нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжилсан бүтээлээрээ “Нуранги”баримтат гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан юм. Тавдугаар сарын 23, 24 өдрүүдэд Төв талбайд зохион байгуулсан уг үзэсгэлэнг үзсэн хүн бүрд байгалийн гамшигт үзэгдэлд бэлэн байх, барилгын чанарын асуудлыг анхаарах цаг болсны дохиог өгсөн юм.

4.Сайтын шилдэг бүтээл

“Зөв.мн” сайтын эрэн сурвалжлах багийн бэлтгэсэн “Сэжүүр” цуврал сурвалжилга нь Сайтын шилдэг бүтээлээр шалгарлаа.  “Зөв.мн” мэдээллийн сайт нь байгаль экологи, хариуцлагатай уул уурхайн асуудлаар дагнан нийтлэл, сурвалжилга, ярилцлага бэлтгэн хүргэхийг нийтлэлийнхээ гол бодлого, үндсэн шугам болгожээ. Тус сайтын эрэн сурвалжлах багийн бэлтгэсэн “АЛДАГДСАН АСФАЛЬТ БУЮУ АРГАА БАРСАН МАЛЧИД”, “АВРАЛ ЭРСЭН АГУЙН МӨХӨЛ”,  “БАЛГА УСНЫ ЭРЭЛД” зэрэг сурвалжилга нь шүүгчдээс өндөр үнэлгээ авлаа. 

5.Сайтын шилдэг бүтээл

Zogii.mn сайтын “Хонх” эрэн сурвалжлах нэвтрүүлэг Сайтын шилдэг бүтээлээр шалгарлаа. Сэтгүүлч Б.Ууганбаяр 2022 оноос хойш “Хонх” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байгаа. Одоогоор “Хараагүй, сонсголгүй хөгжлийн бэрхшээлтэй ТӨРД хонх цохьё”, “Мартах ёсгүй хулгай” зэрэг нийт 17 цуврал нэвтрүүлгийг бэлтгэжээ.   

6.Сэтгүүлийн шилдэг бүтээл

Эдийн засаг, бизнесийн сэтгүүл “Mongolian economy” нь эрчим хүчний салбарын 30 жилийн хөгжлийн алдаа оноог баримт дээр тулгуурлан дүгнэн, ирээдүйн 30 жилийн хөгжлийг тоймложээ. Энэ хүрээнд 20 гаруй томоохон хэмжээний нийтлэл, ярилцлага, 30 гаруй богино хэмжээний мэдээ, мэдээллийг бэлтгэжээ. “Mongolian economy” сэтгүүлийн  “Эрчим хүчний салбараа аваръя” цуврал бүтээл Сэтгүүлийн шилдэг бүтээлээр шалгарлаа.

7.Сонины шилдэг бүтээл

“Өдрийн сонин”-ны Эрэн сурвалжлах, нийгэм соёлын албаны сэтгүүлч Б.Энхзаяагийн “Пригожиний марш хойд хөрш ОХУ-ыг ёроолдоо хүртэл унасныг харуулав” нийтлэл Сонины шилдэг бүтээлээр шалгарлаа. Б.Энхзаяа нь 2011 онд СУИС-ийн РТМУС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөнөөс хойш өдөр тутмын сонинд тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж байгаа юм. 

8.Телевизийн шилдэг бүтээл

Eagle  телевизийн “Санчир гарагийн зочин” нэвтрүүлэг Телевизийн шилдэг бүтээлээр шалгарлаа. “Санчир гарагийн зочин” нэвтрүүлгээр амьдралын туршлага, ажил мэргэжлийн онцлог зэргийг таниулж тал талын мэдлэг мэдээллийг үзэгчдэд хүргэж байгаа. Амралтын өдөрт зориулсан хагас хөрөг, хагас танин мэдэхүйн энэхүү нэвтрүүлэг нь одоогоор 288 дугаарыг үзэгчдийн хүртээл болгожээ.

9.Телевизийн шилдэг бүтээл

“Малчин” телевизийн “Малчин айлд”  нэвтрүүлэг  Телевизийн шилдэг бүтээлээр шалгарлаа. "Малчин  айлд "  нэвтрүүлэг нь 10 дахь жилтэйгээ золгож байна. Жилдээ 40-50 мянган километр зам туулж Монгол орныхоо өргөн уудам нутагт тархан суусан жирийн малчин ардынхаа амьдралыг  байгаагаар нь сурвалжлан түмэн олондоо түгээн дэлгэрүүлсээр байна. "Малчин айлд" нэвтрүүлэг нь малчдын эгэл жирийн амьдрал, мал аж ахуй эрхлэх уламжлалт аргыг хадгалан үлдээх, түгээн дэлгэрүүлэхийн төлөө ажиллаж байгаа төдийгүй өв уламжлалаа хадгалахад онцгой үүрэг гүйцэтгэж буй юм.

ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА

1.Орон нутгийн хэвлэл мэдээллийн шилдэг байгууллага

Дархан-Уул аймгийн DBS телевиз нь 2004 оноос эхлэн өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Одоогоор орон нутгийн мэдээ мэдээллээс гадна нутгийн иргэдийн эрэлт, хүсэлтэд нийцсэн нэвтрүүлгүүдийг тасралтгүй хүргэж байгаа юм. Тухайлбал, Дархан хотын салбар салбарын эгэл жирийн хөдөлмөрч эрхмүүдийг онцолдог “We are Darkhans”, “Дарханы бахархалт бүсгүйчүүд”, уул уурхайн салбарт ажилладаг аавуудыг гэр бүлтэй  нь уулзуулж, урам өгдөг “Үе дамжсан уурхайчид”, “Уурхайд байгаа миний аав” зэрэг цуврал нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байна.

2.Шилдэг радио

UBM-89.3 радио нь 2018 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд “Women talk show”, “Хүчит бөх” нэвтрүүлэг, “UBM-ийн Сониуч Сондорын адал явдал”, “Сонсдог ном”, “Хиймор сэргээсэн монгол бахархал” зэрэг нэвтрүүлэг мөн хүүхэд залуучуудын мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх, танин мэдэхүйн мэдээлэл өгөх “Улаанбаатарын өглөө” хөтөлбөр нь сонсогчдын сонсох дуртай нэвтрүүлэг болжээ.

3.Шилдэг сэтгүүл

Эргэлт.мн мэдээллийн сайтын хоёр жилийн ойд зориулан улирал тутамд хэвлэх зорилгоор “Эргэлт” сэтгүүлийг 2022 онд анх хэвлүүлж байжээ. Одоогоор улс төр, эдийн засаг, урлаг соёлын алдар цуутай хийгээд эгэл жирийн иргэдийн амьдрал, Монголын хөдөө нутгаас хийсэн сурвалжилгууд, ховор сонин амьдралын түүх, шинжлэх ухаан, танин мэдэхүйн бүх төрлийн мэдээлэл, даацтай сэдвүүдийг багтаасан томоохон сэтгүүл болоод байна.

4.Шилдэг сайт

Urug.mn сайт нь 2019 онд үүгсэн байгуулагдахдаа мэргэжлийн ёс зүйг дээдэлж, бүтээл, мэдээ бүрдээ ёс зүйн кодоо ягштал баримтална гэдгээ мэдэгдсэн билээ. Одоогоор тус сайт нь өөрийн 9 нэвтрүүлэг, цаг үеийн мэдээ сурвалжилга, шууд дамжуулалт, медиа төсөл хөтөлбөр зэргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

5.Шилдэг сонин

“Зууны мэдээ” сонин нь 32 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа өдөр тутмын хэвлэл. Энэ жил “Зууны мэдээ” сонин редакцын бодлогоо шинэчилж хүний эрхийн мэдрэмжтэй болгон сайжрууллаа. Өдөр тутмын сонинуудаас анхлан “BBC” агентлагийн “Тэгш байдлын 50:50 төсөл” хөтөлбөрийн албан ёсны түнш болсон. Ингэснээр эрэгтэй, эмэгтэй эх сурвалжийнхаа тоог тэнцүүлэн 50:50 хувьд хүргэхэд анхааран ажиллаж байна. Мөн 2022 оноос “Удмын бахархал” шинэ булан нээж, гурван үе дамжин мэргэжлээ өвлүүлэн, нэр төртэй ажиллаж яваа Монголынхоо сайхан гэр бүлүүдийн түүхийг уншигчиддаа хүргэж байгаа. Мөн “Трэнд зочин”, “Төрийн хүн” зэрэг ярилцлагын шинэ булан нээж, тухайн цаг үед хамгийн эрэлттэй, сенсацтай байгаа зочныг урьж ярилцаж байна.

 ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ЦОМ

Шилдэг салбар зөвлөл

Орхон аймгийн салбар зөвлөл нь 2023 онд хийсэн ажил, хэрэгжүүлсэн бодлогоороо 23 салбараа манлайлан хошуучиллаа. Орхон аймгийн салбар зөвлөл нь 2023 онд МСНЭ-ээс зохион байгуулсан үйл ажиллагаанд идэхтэй оролцсон тул шилдэг салбар зөвлөлөөр шалгарлаа.

“ТВ9” телевизийн Үндэсний бөхийн шууд дамжуулалтын баг

ТВ9 телевизийн Шинэхүү найруулагч, Батнасан тайлбарлагчтай Үндэсний бөхийн шууд дамжуулалтын баг хамт олон нь 20 жилийн турш Монгол үндэсний бөхийн барилдааныг алгасалгүй шууд дамжуулан иржээ. Үндэсний өв уламжлалыг таниулах, хөгжүүлэх, сурталчлах үйлсэд үнэлж баршгүй өндөр хувь нэмэр оруулсан хамт олон юм. ТВ9 телевиз нь энэ онд 20 жилийн ойтойгоо золгож буй билээ.

 “Mongolica” сэтгүүл

Монгол улс аялал жуулчлалаа сурталчлах, нэг сая жуулчин авах зорилтыг дэвшүүлээд байгаа билээ. Энэ хүрээнд хэвлэл мэдээллийн салбарын гүйцэтгэх үүрэг чухал. Энэ үүргийг түүчээлж яваа хамт олон бол mongolica сэтгүүл юм. Монгол улсын зорин ирж буй жуулчидтай хамгийн түрүүнд золгодог хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол тус сэтгүүл билээ.

 Livetv.mn сайт

Үүсэн байгуулагдаад 5 жилийн ойтойгоо золгож буй тус сайт нь энэ хугацаанд дэвшилтэд технологийг ашиглан, хэвлэл мэдээллийн салбарт түүчээлэн ажилласан тул МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг олголоо.

Түүнчлэн хэвлэл мэдээллийн салбарын оны шилдгийг шалгаруулаг тус наадмын үеэр олон жил үр бүтээлтэй ажилласан сэтгүүлчдэд МСНЭ-ийн Хүндэт медаль, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Ган үзэгтэн зэрэг шагналыг олголоо.