Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн бага хурлын ээлжит хуралдаан боллоо
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн бага хурлын ээлжит худалдаан 2023 оны 11 дүгээр сарын 17 өдөр хуралдлаа. МСНЭ-ийн бага хурал нь их хурлаас сонгогдсон 61 гишүүнтэй. Бага хурлын гишүүдийн 50+ хувь нь ирсэн нөхцөлд хурлыг хүчинтэйд тооцдог дүрэмтэй.
Өнөөдрийн хуралдаанд бага хурлын гишүүний татвараа төлж, мандатаа баталгаажуулсан 37 гишүүн хүрэлцэн ирж оролцов. МСНЭ-ийн бага хурлын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх тухай танилцуулгыг МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар танилцууллаа.
Нэг. Удирдах зөвлөлийн ажлын тайланг сонсож, хэлэлцэх
Хоёр. Удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, сонгох
Гурав. Бусад гэсэн асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж хуралд оролцсон төлөөлөгчдийн 100% саналаар дэмжив.
Хуралдааны хэлэлцэх асуудлын дагуу МСНЭ-ийн удирдах зөвлөлийн тайланг гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр танилцуулав. Бага хурлын гишүүд танилцуулгатай холбоотой асуулт, хариулалт өрнүүлж, удирдах зөвлөлийн тайланг хэлэлцэж, дэмжлээ.
МСНЭ-ийн удирдах зөвлөлд сонгогдон ажиллаж байсан зарим гишүүдийг мэргэжлийн төвийн санал болгосноор чөлөөлж, орны хүнийг нь сонгох ажлыг дүрмийн дагуу зохион байгуулав.
МСНЭ-ийн Харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд Ерөнхийлөгчөөр Г.Ариунчулууныг томиллоо.
МСНЭ-ийн орон нутаг хариуцсан удирдах зөвлөлийн гишүүнээс А.Батбаярыг чөлөөлж, оронд нь Ган-Эрдэнийг томилов.
МСНЭ-ийн радио хариуцсан удирдах зөвлөлийн гишүүнээс Г.Ариунчулууныг чөлөөлж, оронд нь Цэлмүүнийг сонгов.
МСНЭ нь Олон улсын сэтгүүлчдийн холбооны гишүүн бөгөөд 1508 гишүүнээр Олон улсын сэтгүүлчдийн холбоонд татвар төлдөг. Иймд Монгол дахь гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг хийх, гишүүдийг татварыг хурааж авах тогтолцоог шинэчлэх ажлыг хийх нь зүйтэй гэж бага хурлын гишүүд үзлээ. Иймээс энэ асуудлыг судалж, шийдэлд хүрэх ажлыг хэсгийг бага хурлаас байгуулсан юм.